Sunday, December 28, 2008

10A Greeting

Цугааранд нь шинэ оны мэнд хүргээд нэг шоу бэлдсэнийг үзэцгээжүү. 5 дугаар нь хоосон боловч 8 хүртэл нь play юмуу next дараад үзээд байхаа мэдээ.
Үнэгүй юм ашигласын болохоор энэ дээр дарангуут өөр цонх дуудаад нэг сурталчилгаа харуулбал бүү цоч тэвч, итгэ, хүлээ.

Click to play
Create your own slideshow - Powered by Smilebox
Make a Smilebox slideshow

Friday, October 31, 2008

The Dark Knight

Бостон Глоб гэдэг сонины нэг баагий энэ киноны тухай иймэрхүү утгатай ревью хийсэн байх юм. "Сэтгэл чинь хөдөлнө, аймаар дарамтанд орно, уур хүрнэ, шалдаа буунаа" гэж.
Уул нь би Бэтмэний цувралд дуртай биш л дээ, мангар санагдаад байдын. Гэтэл энэ постерийг нэг газар тэнэж яваад харангуут сонирхол татдын байна.


Heath Ledger гэж нөхөр энэ дээр гарсан Жокерт тоглох гэж балласан юм шиг байнаа. Гарууд 1989 оны Jack Nicholson-той адилтгаж бариад л байна. Үэгчийн болон критикал талаасаа аль алинаас нь А үнэлгээ авсан байна гэхээр овоо юм шиг байнаа.
Тэгээд ч ихэнхи супермэний адил үлгэрийн ч юм шиг хөгийн акшн биш Триллер кино гэсэн байгаа нь үзэхсэн гэсэн хүслийг улам хөдөлгөв.
Дээрээс нь жүжигчдийн бүрэлдэхүүн лаг гээд аль диванграас хойш л зурагт мурагтаар яриад байсан нь үнэн юм шиг байна. Christian Bale / Бэтмэнь Gary Oldman / мөрдөгч Гордон, Morgan Freeman / нууц ноён, Heath Ledger / Жокер гэх мэт составтай байна.
Тэхээр байшдээ энийг үзэх хэрэгтэй байнаа, хэн нэгэнд нь байгаа бол надад өгч тусална уу,
Мөн зарим нэг хүнд хандаад нэмж хэлэхэд WHY SO SERIOUS? айн ? :-)

Wednesday, October 29, 2008

Maradona returns


Би цагаан цэнхэрүүдийг үзэхдээ үргэлж кайфтай байдаг. Тиймээс Мара ах нарлаг Аргентины төдийгүй дэлхийн хөл бөмбөгт эргэн ирсэнд их баяртай байгаам. Тиймээс энэ тухай мэдээ болон Амармэндийн бичсэн постыг копидоод оруулчихлаа. Зарим газар "манайх" гээд байгаа тэрийг нь зүгээр л манай фронт гэж ойлгоно биз. Яг "минийх" бол бурхнаас нэг их хөгжил биш самба, хөлбөмбөг хоёрыг авахаар тохирсон хүмүүс байгаам. Өнгөрсөн олимпоор энэ хоёын тулаан болж миниих нь манайханд гутамшигтай хожигдсон ч гэлээ би гоё юм үзсэн дээ сэтгэл хангалуун байгаа юм. Ингээд Аргентины шинэ босс Диего Марадонагийн тухай. Харин миний асуулт Мара сайн дасгалжуулагч байж чадах уу?
...
Өчигдөр орой Аргентины хөлбөмбөгийн холбоо Diego MARADONA, Sergio BATISTA, Carlos BIANCHI, Miguel Angel RUSSO нартай уулзаж ярилцах мэдээ байсан тэгвэл өнөөдөр Мара шинэ босс болжээ. Түүний багт залуучуудын шигшээгийн дасгалжуулагч сая олимпийн аварга авсан Батиста багтаж ажиллах болж. Тэд 86 оны дэлхийн аваргын бүрэлдэхүүнд хамтдаа тоглож байсан юм. 86 оны дэлхийн аварга 90 оны мөнгөн медальт багийн дасгалжуулагч Карлос Билардо Марагийн зөвлөхөөр ажиллах юм. Билардо бол Марад хамгийн их итгэл хүлээлгэдэг хүн байсан билээ. Тэрээр ТВд өгсөн ярилцлагадаа тэр бол эргэлзээгүй номер нэг сонголт би түүнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно гэжээ. Хамгийн сүүлд тэрээр 2004 онд Студентс багийг дасгалжуулж байлаа. Марагийн дараагийн өөр нэг туслах нь мөн л 86 оны дэлхийн аварга багийн гишүүн Хосе Луйс Браун юм байна. Тэрээр 17 хүртэлхи насны шигшээ багийг удирдаж байсан юм. Ямартаа ч Мара өөрөө дасгалжуулагчийн ямар ч туршлагагүй ч гэлээ түүний баг маш сайн баг болсон санагдаж байна. Батиста миний бодлоор тун сайн дасгалжуулагч дээр нь багийн түүхэн дэх хамгийн шилдэг коач Билардо нар ажиллана. Дээр нь энэ дөрөв дөрвүүлээ 1983- 1990 оны хооронд шигшээд хамтдаа тоглож нэг нь дасгалжуулж байсан болохоор маш сайн гар нийлж ажиллах байх гэж найдаж байна.
За ямартай ч ингээд хөлбөмбөгийн бүх цаг үеийн түүхэн дэхь хамгийн шилдэг тоглогч магадгүй өнгөрсөн зууны түүхэн дэхь хамгийн өвөрмөц этгээд манай шигшээ багийг удирдах боллоо.
Тэр бол хар тамхичин архичин зөрүүд коммунист этгээд араншинтай. Гэхдээ түүнд итгэл хүлээлгэсэн магадгүй хамгийн том шалтгаан нь түүний аргентинийн төлөө цохилох зүрх сэтгэл нь байж болох юм. Өөр хэн нэгэн менежерээр ирлээ гэхэд түүнд алдар нэрээ дурсгах цом авах нь хамгийн чухал байх байсан бол Марадонагийн хувьд өөр байж болох юм. Түүнд тэртэй тэргүй хангалттай алдар нэр хүнд байгаа. Тэр ердөө л аргентинийн хөлбөмбөгийн төлөө цохилох зүрхтэй болохоор энэ багийн төлөө зүрх сэтгэлээ зориулахыг хүсч байгаа учраас л энэ ажлыг хүсч байгаа цорын ганц хүн ч байж болох юм. Шигшээгийн дасгалжуулагч болоод удаагүй байсан Билардо тухайн үедээ супер од байсан Марадонатай уулзаад чи суперод тэхээр шигшээдээ тоглосны чинь төлөө чамд цалин өгөх хэрэгтэй юу гэж асууж байхад би энэ шигшээ багийн өмсгөлийг өмсөх бүртээ анх удаа шигшээд дуудагдаж байгаа залуу шиг л баярладаг энэ **н** асуултыг надаас ахиж битгий асуугаарай гэж байсан гэдэг.
Тэр шигшээ багт юу өгч чадах вэ? Тэр бол зөрүүд адайр зан араншинтай. Гэхдээ тэр бол тэмцэгч пэссионист хүн. Тэр тоглолт бүрт ялахыг чин сэтгэлээсээ хүсч ялалтын төлөө тэмцдэг. Тэр Пелегийн талаар ярихдаа тэр гайхалтай тоглогч гэхдээ хөлбөмбөг тоглох заяатай робот мэт л байдаг тэр талбайд гараад сайн тоглодог гоол хийдэг гэхдээ тэр үүнийг ажилаа хийж байгаа мэт л хийдэг. Түүнд хүсэл сэтгэл пэшшин байдаггүй. Би ийм тоглогчдод нэг их дуртай биш. Одоо үеийн жишэг нь Зидане байна. Харин надад Дель Перо шиг хөлбөмбөгт зүрх сэтгэлээ өгсөн тоглогчид таалагддаг гэж хэлж байсан. Тэр ийм л хүн. Тэр энэ багт ялалтын төлөө зүтгэх менталитийг авчирч чадах хүн. Хамгийн сүүлд Ортега, Симеоне, Верон нарын үеийн шигшээ багт энэ чанар харагддаг байсан. Харин үүнээс хойшхи шигшээ багт ийм зан араншин илт дутагдаж байсан. Месси Рик гээд лидерүүд нь хэтэрхий даруухан. Харин Мара ирсэнээр ялалтын төлөө эрмэлзэх дайчин шаргуу агрессив сэтгэлзүйг энэ багт төлөвшүүлж чадах байх.
Марадона дасгалжуулагч болсоноор өөр нэг давуу тал нь тэр илүү шийдэмгий зоримог ажиллах боломжтой. Дасгалжуулагч болохоосоо өмнө өгч байсан ярилцлага.

- Би амьдралаас авч болох бүх зүйлсээ яг одоо авчихаад байна Миний охид миний эцэг эх маш сайн байгаа. Би амьдралынхаа гайхамшигт үе дээр байна. Хэрвээ энэ боломж ирвэл миний төрсөн өдрөөрөө авч болох хамгийн төгс бэлэг болох болно.
Хэрвээ би дасгалжуулагч болбол өөрийнхөө амьдралыг тэрчигээр нь энэ багт зориулна. Өдөр бүрийн өглөөнөөс оройг хүртэл энэ багийн төлөө чадах бүхнээ хийх болно. Сержио Батиста болон түүний туслах Хосе Браун нар надаас илүү дасгалжуулагчийн туршлагатай тийм болохоор хамгийн түрүүнд би тэднийг багтаа авна.
Би Албиселестег ялалтын төлөөх хүсэл эрмэлзлэл өөрийн гэсэн стиль зорилгоор ахин цэнэглэхийг хүсч байна. Би тэднийг амжилтанл хүргэхийн төлөө бүх зүйлээ өгнө.
Би үүнтэй хамтаар надад риск ирэхийг ч мэдэж байна. Гэхдээ би шүүмжлэлээс айхгүй байна. Миний шийдвэрийн дараа зарим хүмүүс баяртай биш байгааг би мэдэж байна. Тэд намайг үзэн ядаж эхэлж байгаа. Гэхдээ би энэ талаар бодохгүй байна. Би тэдний үзэн ядалт шүүмжлэлтэй хамт амьдарч чадах болно. Энэ бүх асуудлууд миний аргентинийн менежер болох хүслийн хажууд өчүүхэн зүйл.
Би шигшээ багийг Рик эсвэл Мессигээс хамаарсан биш болгох болно хэрвээ энэ ажлыг авбал. Мессид барса илүү эрх чөлөөг олгодог. Ягаад гэвэл тэр энэ удаа муу тоглолоо гэхэд өшөөгөө дараагийн бүтэн сайнд авч чадна. Харин шигшээ багт ийм боломж олддог гэж үү?
Магадгүй би санал асуулгын сүүлийн байранд байж болно. Гэхдээ Аргентин хүн бүрийн зүрх сэтгэлт би ямагт нэгт байх болно.

Thursday, October 23, 2008

Slavery agreement

ВХ-ийн I have a dream гээд дуу сүүлийн үед зурагтаар их явууд байнаа даа. Ерөөсөө л энэ дуу бол тэр кинонд зориулсан дуу, агуулга нь ч тэр. Тэхээр байнаа: Өнөөдөр амьдрал хэцүү байнаа, залууст боломж алгаа, тэдэнд хоосон халаас алхам тутамд нь ашиглачий гэсэн том гаруудаас өөр юм байхгүй, "Монголд хүн болохоор Америкт нохой болчуул тэнд ядаж амьтны эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй" гэдэг үнэн ч юм шиг. Гэхдээ залуучуудад хүсэл мөрөөдөл, итгэл, итгэсэн хайрласан бүхнийхээ төлөө юуг ч хийх хүч чадал байгаад байнаа. Харамсалтай нь манай нийгэм, манай хот, манай жунгл, манай АХ нар тэр итгэлийг хөсөрдүүлж, хүч чадлыг нь буруугаар ашиглаж хүсэл мөрөөдлийг нь унтраагаад байна.

Би энэ киноноос ийм л юм ойлгосон. Уран бүтээлчид нь бараг л 7 сарын 1-ны талаар өөрсдийнхөө noise-ийг хийчихсэн юм бишүү. Ялангуяа төгсгөлд Дамчаа гуай бараг л "ер нь Баяр өөрөө л..." гэж байгаа ч юм шиг.
Жүжигчид яахав ээ америк кинонд гардаг шиг булчин шөрмөс нь зангирсан 2 залуу, 2 гоё хүүхэн. Гэхдээ муу тоголсон гэж байгаан биш. Харин тэр дүү охинд нь тоголдог охин сайн юм байлээ шүү. Дээр нь Төмөрбаатар гуай, Дамчаа гуай 2 аваад явчихаж байгаан, ялангуяа Дамчаа гуай.., зэвүүн зэвүүн.
Логикфилм гээд зохиолын дуучдын клипийг эрс өөр болгоод байсан продакшинд байсан Отгонзориг билүү нэг залуу ерөнхий зураглаач нь... ер нь бол сайн зураглаач байлээ стандарт талаасаа харвал. Гэхдээ миний бодлоор тийм ГОЁ биш стандарт биш, этгээд зураг авалттай байсан бол илүү лаг байх байсым шигээ.
Найруулагч нь Батболд гээд залуу, Татарын тоголсон киноноос нь хойш би хувьдаа их үнэлээд байгаан. Мань эр гэхдээ шүүмжлий гэсэн хүнд бол аймаар драм хийх гээд ч байгаам шиг боевикдох гээд ч байгаам шиг нэг тийм холион бантан хутгачихдаг арга барилтай ч юмуу даа. Боолын гэрээ дээр л гэхэд нуль цус нөж алалцаан, бөөн инээд ханиад, романтик хайр, сэтгэл зүйл зөрчил бүгдээрээ нэг дор. Магадгүй олон(зүгээр л олон) үзэгч татах гээд зориуд тэгээд хаячихдаг байж бас болох юм.

Хувьсгал энэ тэр гэхэд хаашаа юм, гэхдээ энэ бол сүүлийн үед хийгдсэн монгол кинонуудаас энэ бол сайн болсон кино гэж хэлнээ. Тэр Шүрэн бугуйвч, Дурлалын ангууч, Элсний нүүдэл эднүүсийн хажууд ч бараг л хувьсгал даа. Ерөнхийдөө би B+ үнэлгээ өгч байна.
Дууных нь үгнээс ийм ганц мөр тогтоосын. "Миний эх орон хамгийн сайхан орон болно гэдэгт би итгэдэг".

Wednesday, July 16, 2008

Don't Forget !

Энхбаярын Доржсүрэн
1984 онд Хэнтий аймагт төрсөн. Дунд сургуулиа төгсөөд олон улсын хүмүүнлэгийн байгууллагад сайн дурын ажилтнаар ажиллаж улмаар АНУ-ын Монтана муж улсад 2 жил ажиллаж амьдарч байгаад иржээ. Ирээд Канадын хөрөнгө оруулалттай КАМЛ компанид орчуулагч, аж ахуйн ажилтнаар ажиллаж байсан. Эрх чөлөөний орон гэгддэг Америкаас ирээд жил гаруйхан болж байгаа энэ залуугийн дотор их хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл байжээ. Ээж аавдаа шинэ байшин барьж өгч дүү нарынхаа амьдралыг жигдрүүлчихээд өөрөө сурахаар ирнэ гээд, очсон хүн шингэхийг хүсдэг Америкаас эх орноо зорин ирж.
Харин эх орон нь түүнийг буудаж угтлаа.
Эрх чөлөөт, хүний эрхийг дээдэлсэн нийгэм ямар байдгийг өөрийн нүдээр үзлээ, бид ингэж амьдарч болохгүй юм байна гэж ярьж байсныг нь мэдсэн юм шиг бууджээ. Харамсалтай нь тэрээр бодож төлөвлөснийхөө төлөө тэмцэж яваад биш, үеэлийндээ очих гээд такси хүлээж зогсоохдоо амь насаа алджээ. Түүний өвөг дээдсийг ч буриад цустай төрснийх нь төлөө хомроглон алж байсан түүх давтагдав уу.


Ренчиндагвын Мөнх-эрдэнэ

1981 онд Дорнод аймагт төрсөн. Чойбалсан хотод дунд сургуулиа дүүргээд цэргийн албанд явж “Онц буудагч” цолтой нэр хүндтэйгээр халагдаж иржээ. Армид үлдэх боломж байсан ч цагдаа болох хүслээ даган Дорнод аймагтаа цагдаагаар ажиллаж хамгийн олон гэмт хэрэг илрүүлсэн оны шилдэг цагдаагаар ч шалгарч явжээ. Оюутан дүү нар, настай ээжийгээ даган Улаанбаатар хотод 3 жилийн өмнөхөн ирж суурьшсан. Зовсон хүн жаргаж, золбин нохой зоолдог гэлцдэг хот хүрээ газарт ажил амьдралаа улам дээшлүүлэх гэж ирсэнээс амьдралын төлөө тэмцэж яваад алуулахыг тэр хүсээгүй.
Түүнийг Гадаад хэргийн яамны хойд уулзвар дээр бяцхан хүүгээ зорин 30 метр мөлхөөд шархаа даалгүй нас барсан байхыг нь олжээ.


Цэрэнжавын Энхбаатар

1972 оны 3-р сарын 28-нд Сүхбаатар аймагт төрсөн. Хөдөө аж ахуйн техникумыг дүүргэсэн. Сүүлийн жилүүдэд хувиараа бизнес эрхэлж байжээ. Коммунист нийгмийн үе чөлөөт нийгмийн цаг үе хоёрын аль алинд нь амьдарч үзсэний хувьд тэрээр Ардчиллын үнэт зүйлсийг хайрладаг байв. Тиймээс итгэл үнэмшил, хайртай бүхнийхээ төлөө цуглаанд оролцож үзэл бодол нэгтэй байгаагаа илэрхийлсэн.
Гэвч түүний хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан гэж итгэж явсан төр нь түүнийг буудан хороочихоод байхад жишим ч үгүй сууж байна. Тэр галдан шатаагч, дээрэмчин, тонуулчин байгаагүй. Тэгэх шаардлагагүйгээр өөдрөг амьдрах чадалтай нэгэн. Тэр зөвхөн шударга үнэн, эрх чөлөөг л хүссэн юм.

***
Өнөөдрийн байдлаар мэдэгдэж эдгээр 3 залуугаас гадна 2 хүн буудуулж нэг хүн танигдахын аргагүй болтлоо зодуулж нас бараад байна. Айсандаа болоод эмнэлэгт очиж чадахгүй байгаа маш олон хохирогч бий. Эдгээр залуусын зарим нь шударга ёс, үнэний төлөө тэмцэж яваад амиа алдсан. Зарим нь шударгаар амьдарч мөрөөрөө явж байгаад алуулсан.
Аль алинийг нь бид мартах ёсгүй. Учир нь тэд манай нийгэм, манай төр ямар байгааг харуулж хүний эрхийн төлөө, ардчилсан хөгжлийн төлөө бид ямар их өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй байгааг амиараа нотлоод одсон юм.
Тэдэнтэй хамт хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшил, эх орноо гэсэн сэтгэл одсон юм. Тиймээс бид мартаж болохгүй.

Бүрэн эрхээр нь 2008.07.16-ны 23:30-с С1 сувгаар үзээрэй.

Monday, July 7, 2008

Journey in 8002

Би нэг Гуливерийн аялалжуу юм хийснийгээ товчлон тэмдэглэлээ. Мужаа зүүдэндээ баахан бурхадтай шоуддагтай л төстэй юм болсын.

8002 оны 7-р сарын 01.

Эх газрын улсын нийслэл “Капитализмийг алгасагч цагаан морьтой улаан баатар” хот. /Ж.Орвеллийн “1984”-т гардагтай адил улс гэсэн үг/
Олон арван мянган хүн төв талбай дээр цуглаж тэндээсээ албан бус төрийн ордон болсон эрх баригч намын байрлуу жагсаалаараа алхаж байгааг телевизээр үзүүлж байв. Дарга нарын төрсөн өдрийг тэмдэглэх, эрх баригч нам-засгийн ойн өдрийг тэмдэглэхээс өөрөөр жагсаал цуглаан гэдэг зүйлийг мэдэхгүй хүмүүс ихэд сонирхон үзэж ингэж дарга нараас асуулгүйгээр тэгэх тэгэхдээ үнэн зүйлийг ярьж болдог юм байхдаа хэмээн гайхаж байлаа. Жагсагчид “Атрын 30-р аян”, “Эх оронч намын өдөр” гэх мэтийн зөвшөөрөгдсөн урианы оронд “Хүний эрх, эрх чөлөө”, “Авилгыг устгая” гэх мэтийн уриа барьж чанга дуугаар орилж байсан юм.
Тэгтэл ээлжит тогны хязгаарлалт болж телевиз үзэх боломжгүй болсон учраас хүмүүс төв талбайруу явцгаав. Тэдний дунд өөр цаг үеэс ирсэн Батка миний бие бас байв.
Бензин нийлүүлэгч Цагаан баавгайн улс зөвхөн эрх баригч намын гишүүдэд шатахуун жижиглэнгээр зардаг болсон учраас хүмүүс явган явах юмуу унадаг дугуйгаар л зорчдог ажээ. Хүмүүс улсын үйлдвэрт хийдэг, жижиг хүүхдийнх шиг хэмжээтэй бүгд адилхан улаан өнгийн дугуйг унах бөгөөд өөр дугуй унах гэвэл стандартын бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон гээд замын цагдаа нар баривчилдаг. Шийтгэл нь тун хатуу бөгөөд ялангуяа одоогийн удирдагчийг гарч ирснээс хойш хууль журам чанга хатуу болсон гэж хүмүүс бахархан ярилцах ажгуу.
Үйл явдал болж байгаа газарлуу дөхөж ирэх үест өөдөөс үймж бужигнасан хүмүүс гүйлдэж ирлээ. Удалгүй хойноос нь хөөж байгаа харгис цагдаагийнхны буун дуу сонсогдож эхлэв. Хүмүүс амь амиа бодон гүйлдэхийн хажуугаар замд таарсан том том жип машинууд, тансаг харшуудыг шатааж байлаа. Нийгмийн ялгарал дээд цэгтээ хүрч тэгш бус болсноос доод давхаргынхан нь ингэж эсэргүүцлээ илэрхийлдэг үзэгдэл байдаг гэж хаа нэгтээ уншиж байсантай адил байв. Гэхдээ энэ улсад бүх хүн тэв тэгш бөгөөд нэгэн ижил үзэл бодол, өмч хөрөнгөтэй эв хамтын нийгэм оршдог гэж зурагтаар ярьж байсан юм. Мэдээж энэ нь эрх баригч намын гишүүдэд хамаарахгүй.
Цагдаа нар автомат буугаар шүршин элдэж хоромхон зуур хаа сайгүй цус нөж, үхэж бэртсэн үмүүсээр дүүрлээ. Батка нэгэн шархадсан хүнд туслах гэж оролдож байтал 10-аад цагдаа ирэн бороохойгоор нүдлээ...

8002 оны 7-р сарын 02
Ухаан ороод харвал ямар нэгэн эмнэлэгийн гадаа хэвтэж байх ажээ. Сайн санаатай хүмүүс түүнийг эмнэлэг дээр аваачсан боловч улсаас олгодог эрүүл мэндийн үйлчилгээний үнэмлэх байхгүйгээс эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзан гадаа гаргаж хаясан нь тэр байв.
Энэ улсад ирээд анх танилцаж найзалсан Чимэдийн гэрлүү явлаа. Очтол Чимэдийн аав, ээж хүүгээ хайгаад явсан байв. Өнгөрсөн өдрийн үйл явдлын үеэр хэдэн мянган хүн баривчилсны дотор байж магадгүй хэмээн горьдож байв. Эсвэл бүр ч муугаар буудуулж үхсэн хэдэн авран хүний дотор ч байж болзошгүй. Гэвч хэн үхсэн, хэнийг баривчилснаа цагдаа нар хэлэхгүй байлаа, мөрдөн байцаалтын ажлын нууц ажээ.
Баривчлагдсан хүмүүсийг бөөнөөр нь хорьж байгаа шоронд очвол хэнийг ч нэвтрүүлэхгүй хэнтэй ч уулзуулахгүй байв. Холоос уулан дээр гарч гарвал хашаан дотор асар олон хүнийг тамлан зовоож байлаа.
Болж байгаа үйл явдлын талаар мэдээлэл авах ямар нэг хэрэгсэл байсангүй. Өмнөх өдрийн үйл явдлыг хэд хэдэн телевиз үнэнээр нь үзүүлж ёсзүйн ноцтой алдаа гаргасан учраас бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж зөвхөн улсын мэдлийн нэг телевизийг үлдээсэн байлаа. Түүгээр нь Солонгосын олон ангит кино, нийтийн дууны клипүүд л үзүүлэх бөгөөд үе үе шуурхай мэдээ гарах ч зөвхөн улс төрийн товчооны гишүүд хэрхэн хэт даврагчдыг илрүүлж устгасан, тэдний гарт үхсэн хүмүүсийн ар гэрт тусламж үзүүлж байгаа тухай л ярьж байв.

8002 оны 7-р сарын 03
Чимэд амьд, хоригдож байгаа нь мэдэгдэв. Гэхдээ Мөрдөн байцаах газар, Дотоод явдлын яамнаас байгуулсан Онцгой эрхт комиссоос түүнд хорлон сүйтгэх үйл ажиллагаанд оролцсон хэргээр цаазаар авах ял оноожээ. Өөрөө хэлэхдээ зөвхөн хөдөөгийн иргэдийн эрхийн тухай лозун барьсан бөгөөд нам-засгийн байрлуу дайраагүй гэж байв. Хөдөөнөөс саяхан ирсэн бүрэг, итгэмтгий залуу болох Чимэд ийм хэрэгт оролцсон гэдэгт ойр тойрныхон нь ч огт итгэхгүй байсан ч сөрөг хүчний намын гишүүн байсан, эмх замбараагүй байдал, хорлон сүйтгэх ажиллагаанд оролцсон гэдэг мэдүүлэгт өөрөөр нь гарын үсэг зуруулсан байв.
Аз болж Ерөнхийлөгч хэдэн хүнд өршөөл үзүүлж цаазыг 25 жил хорих ялаар сольсны тоонд Чимэд багтлаа. Түүний хамаатны ах сэтгүүлч нэгэн бээр намын хайрыг магтан дуулсан дууны уралдаанд шалгарч ерөнхийлөгчтэй уулзаж байсан нь хэрэг болжээ. Одоо Чимэдийн гэр бүл төр засаг, удирдагчдын хайр ивээлд улам бүр итгэн сүсэглэх болов.

8002 оны 7-р сарын 04

Төв талбай дээр бас нэгэн жагсаал боллоо. Гэхдээ энэ удаад төр засгийг биш түүний эсрэг эмх замбараагүй байдал үүсгэсэн хүмүүсийг үзэн ядах цуглаан болж байв. Ард түмэн хэт даврагчдыг нам дарсан төр засгаа тойрон нягтарч эв нэгдэлтэй байгааг Үндэсний олон нийтийн телевиз үзүүллээ. Цуглаанд нам-засгийн удирдагчид оролцон атар газрыг эзэмших 31-р аянг хийх болсноо сүр дуулиантай мэдэгдлээ. Мөн Тагнуулын газрын дарга 3 хоногийн өмнөх үйл ажиллагаанд гадаадын гар хөл оролцсон байсныг мэдэгдэв.
Хүмүүс аз жаргалтай, үгүй ядаж тийм гэсэн бодолтой бөгөөд эвтэй найртай, илүү дутуу хүсэл шуналгүй, зохиолын дуунаас өөр зүйл амнаас нь гарахгүй тайван амгалан болжээ. Сүүлийн хэд хоног олон хүн цугладаг бүх газруудыг хаасан учраас гуанзнаас хоол авч идэж чадаагүй миний бие хайж явсаар нэгэн ресторанд орлоо. Мах идэх нь энд хэтэрхий үнэтэй тансаг хэрэглээнд ордог тул ногооны хуушуур авч идэв. Өөр сонголт ч байсангүй. Ажиглаад байхад энд байгаа хүмүүст өөр сонголт гэдэг ойлголт ч байдаггүй юм байна.
Нойр хүрэхгүй байгаа болохоор жаал пиво ууя гэтэл оройн 21.00 цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчилдэггүй гэв. Гараад явах замдаа дэлгүүрээс нэг шил пиво аваад гартал гудамж талбай олон нийтийн газарт архидан согтуурсан хэргээр цагдаад торгуулав.
Зуны халуун үдэш ч гэлээ нүүрсний хар утаа тэнгэрийг бүрхэж хаа нэгтээ удахгүй болох Хувьсгалын ойн баярын парадад бэлдэж байгаа хүүхдүүдийн дуу сонсогдоно. Энэ хүүхдүүд шиг байхдаа би ирээдүй ямагт гэгээлэг гэж бодож байв. Тиймээс ч энэ цаг үед ирсэн.

Tuesday, March 25, 2008

Modern story-1

Би үлгэр зохиодог болж байгаа. Энэ анхных нь дараа дараагийнх нь бүүр гоё үлгэр болно.

Эртээ урьдын цагт биш энэ манай үед Буратино буюу Пиноккио хэмээх модон хүү байдаг байжээ. Тэрбээр нүдэнд дулаахан сайн цавуудсан шар модон хүн боловч Карло өвөө нь түүнийг анх бүтээхдээ худлаа ярьвал хамар нь томордог байхаар тохируулсан гэнэ.
Пиноккио нэг өдөр санамсаргүй явж байгаад Мэгжид Жанрайсиг хэмээх бурхан бүтээснийг хараад би бүтээсэн юм гэж ярьснаас эхэлж хамар нь анх томорчээ.
Дараа нь Казино Байгаль гэдэг хүнээс манай нам болон би мөнгө аваагүй гэж хэлэхэд хамар нь нилээд томорч ирсэн байна. Үүнээс хойш засгийн газар огцрох бүрт түүний хамар бага зэрэг томорсоор байж. Харин бид Төрөө хямралаас гарган түмнээ ядуурлаас аварна гэж хэлсний дараагаас мөнөөх хамар хоёр нүдээ хаахуйц болжээ.
Түүний хамар нэг л удаа бага зэрэг жижгэрсэн бөгөөд надад нэг хүн 500 сая төгрөгийн хахууль өгөх гэсэн гэж эхэлх үед энэ явдал болжээ.
Пиноккиогийн хайрт цэнхэр үст Мальвина үргэлж гунгилаж байдаг бөгөөд түүнийг баясгахын тулд газар бүрээс гоё сонин зүйл эд баялаг авчравч сэтгэл нь ханадаггүй гэж хүмүүс хэлэлцдэг гэнэ.
Пиноккио Мальвина хоёрын адал явдал дуусаагүй байгаа бөгөөд хэзээ нэгэн цагт амар сайхандаа жарган суух болтугай.

Monday, March 3, 2008

The Prohibition

Невадагийн “Аутпост” онлайн сэтгүүлд тус мужийн нэгэн эмсийн хүрээлэнгийн ажилтан буюу бидний нэрэлдэгэээр “биеэ үнэлэгч” Лийфигийн амьдралыг танилцуулжээ. 39 настай энэ эмэгтэйг тэд сайхан байшин, хоёр ч шинэ машинтай, цагийн нарийн хуваарьтай ажил хэрэгч эмэгтэй гэж тодорхойлсон байна. Лийфи жилд 90 мянга орчим ам.долларын ашиг олдог гэжээ. Түүний нэг удаагийн ажлын хөлс 100 орчим доллар байдагаас 69 нь эмэгтэй болон хүрээлэнд нь ашиг болж бусад нь хамгаалалт гэх мэт үйлчилгээнд хуваарилагддаг гэнэ. Тус сэтгүүлд мэдээлснээр Невада мужид 35 тусгай зөвшөөрөл бүхий эмсийн хүрээлэнд 300-800 эмэгтэй тогтмол ажиллаж байгаа бөгөөд энэ салбараас төсөвт жилдээ 10 сая ам.доллар төвлөрч олон тооны хүн(зөвхөн янхан биш!) ажлын байраар хангагддаг байх нь.
Гэхдээ тэнд насанд хүрээгүй охид ажиллахгүй, байнга эрүүл мэндийн хяналтанд байх тул халдварт өвчин хавиар нэг тараахгүй. Ер нь энэ мужид 1970-аад онд биеэ үнэлэх явдлыг хуульчилж журамласнаас хойш хүмүүсийн боддогчлон гэмт хэрэг, садар самуун, бэлэгсийн өвчин гаарч улс үндэстэн нь мөхчихсөн юм байхгүй.
Одоо Улаанбаатарын гудамжин дахь олон зуун биеэ үнэлэгчдийн нэг Дулмаагийн байдлыг төсөөлөх гэж оролдоё. Нэгэн олон улсын байгууллагын судалгаагаар бол буурай хөгжилтэй оронд эмэгтэй хүний хувьд биеэ үнэлэх нь жирийн нэг ажил хийснээс дундажаар 7 дахин их орлоготой байдаг гэнэ. Гэлээ ч Дулмаагийн амьдрал дээшилсэн юм огт байхгүй, байнгын хүчирхийлэлд өртөх ч ямар ч хамгаалалт байхгүй, хүчирхийллээс хамгаалах ёстой цагдаа нар нь өөрсдөө бас нэг төрлийн хүчирхийлэгч болдог. Аягүй л бол халдварт өвчин тарааж яваагаа өөрөө ч мэдэхгүй. Олсон орлогыг нь атаманууд нь эсвэл хятад, солонгос эзэд нь хамж баяжицгаана, гэхдээ үүнээсээ улсад сохор зоосны ч татвар төлөхгүй. Нэг л өдөр тэр эздийнхээ “тусламжтайгаар” хүний наймааны золиос болно.
Янханы амьдрал хүртэл яагаад ийм ялгаатай байнаа гэж үү? Яагаад гэвэл манай улс аливаа садар самуун болоод биеийг үнэлэх явдлыг тас хорьсон “ариун журамт” улс учраас.
Шинхуа агентлагийн мэдээлснээр казиног албан ёсоор бол хориглосон Хятадад жилдээ 4.8 тэрбум ам.доллараар тоглодог. Хамгийн гол нь хятадын тоглоомчид хөрш зэргэлдээ хойд, урд Солонгос, Макао зэрэг хилийн гаднах улсуудад жилдээ 72 тэрбум ам.доллараар тоглодог гэнэ. Тэдгээр хятадууд мэтийн олон улсын тоглоомчдын тун цөөхөн хувийг татдаг Австралийн казинонууд 6.5 тэрбум ам.долларын жилийн орлого олсны гуравны нэг нь ажилчиддаа цалин болж очсон тухай бас нэгэн мэдээ байна.
Манайд ямар билээ гэж үү? Гүй яахав Хятадтай л адил хориглосон, гарууд харин хэдээр тоголдогийг чөтгөр бүү мэд! Лав л улсын банкинд ажиллаж байсан нэг хүн 14 тэрбум төгрөгөөр Солонгосын казиногийн хасаа аваад алдчихсан гэсэн.
Харин улс юу олж байна вэ гэж үү? Улсын дарга нар л мэдэх байх даа.
Энэ хүртэл уншихад асуудлыг дандаа мөнгөн талаас нь хараад байгаа юм шиг санагдаж магадгүй. Тэгвэл өөр нэг хорионы эдийн засгийн бус үр дүнг харъя. Хар тамхи шиг муухай зүйл үгүй гэсэн үзлээр бид хүмүүжсэн. Тийм ч болохоор иймэрхүү юмыг жигшдэг, өвс түүгээд гэртээ татчихсан хүнийг 10 жилээр шоронд хорьдог. Амстердамаас бусад бараг бүх газар ингэж хорьдог байх. Гэтэл ийм хориг нь гэмт хэрэгийн өсөлттэй шууд хамааралтай, ялангуяа хүн амины хэргийг нэмэгдүүлж байгааг Давид Фрийдман гэдэг хүн “Британийн кримналогийн сэтгүүлд” тоо баримттай нь бичжээ. Энэ маягаар хэрэглээг хязгаарлах бодлого ч олон улсын түвшинд хямралд ороод байна гэсэн санааг Амстердамын их сургуулийн Мансууруулах бодисын судалгааны төвөөс гаргасан “Архины хоригийн сургамж мансууруулах бодисын бодлогод” хэмээх судалгааны өгүүлэлд дэвшүүлсэн байх юм.

Архи дарс, янхандалт, мөрийтэй тоглоом, мансууруулах бодис гээд аль хэцүү бүхний тухай сэтгэлгээний шинэ хандлага нэг иймэрхүү байна. Эдгээрт автсан “ёс суртахуунгүй, моральгүй” амьтан би биш гэдэгээ ч хэлэхэд илүүдэхгүй биз.
Харин хүний өөрийгөө мэдэх ухамсараас өөрийнхөө хоосон толгойг илүүд үзэж, эрх чөлөөнөөс хориг саадыг илүүд тавьсан хүмүүс л бусаддаа ёс суртахууны уналт, эдийн засгийн алдагдлыг тулгадаг.

My UB & Right to owe

Би Улаанбаатар хотдоо хайртай. Гэвч агаарын бохирдол нь биднийг үнэхээр алж байна. Гудамжинд ганган машинууд сүлжилдэх нь хөгжлийн нэг дүр зураг мөн гэж би боддог. Гэхдээ хонио зараад эксель авчихсан нэг нөхөр хотын зам дээр хээр талд морьтойгоо яваа юм шиг давхих, эсвэл хонь шиг бэлчихийг хараад үнэхээр бухимддаг.
Би айлын найран дээр ардын дуу аялж уртын дуугаа биширдэг ч гэсэн хорин нэгдүгээр зууны их хотод нэг аяар нэг л тоноор дуулсан хөдөөх дуунууд хит болж хөгжмийн сувгуудын өнгийг тодорхойлоод байгаад эгдүүцдэг.
Гэлээ гээд яах ёстой гэж? Бид түрүүлж хотод суурьшсан учир дахиж ийшээгээ хөдөөнөөс хүн оруулахгүй гэлтэй нь биш, дээхнэ үеийнх шиг хөдөнөөс хот бараадсан нэгнийг хөөсөн мантуугаар нь дуудаж гадуурхалтай биш. Энэ мэт нь замын хөдөлгөөнийг соёлтой болгож, нүүрсний утааг бууруулж чадахгүй шүү дээ.
Өнөөдөр манай хотод тохиолдож байгаа асуудлууд 17-р зуунд европ даяар, 19-р зуунд Америкт, 1960-аад оноос хөгжиж буй орнуудад учирч өөр өөрийхөөрөө шийдэж иржээ. Асар их шилжин суурьшилт, түүнийг дагасан эмх замбараагүй байдал, хүн амын огцом өсөлт ба хот төлөвлөлтөөс гадуурх ядуусын хороолол зэрэг нь бидэнд л гэнэт тохилдоод байгаа юм биш. Өмнөх улсуудын туршлагаас үзэхэд энэхүү шилжилт хөдөлгөөнийг зогсоож хориглох, үгүй ядахнаа манай дарга нарын ярьдагчлан орон нутгийг нь хөгжүүлж өгөх замаар сааруулах ч боломжгүй. Хаана илүү дээр амьдрах боломж байна тийшээ хүмүүс нүүх нь гарцаагүй. Энэ бол эдийн засгийн үйл хөдлөл, тиймээс үүдэн гарах асуудлыг ч эдийн засгийн аргаар л шийдвэрлэж таарна.
Хотыг зорин нүүдэллэж тэндээ тусдаа давхаргыг бий болгосон хүмүүс буюу манайхаар бол гэр хорооллынхон гэдэг үнэндээ бүгд тийм арчаагүй ядуу улс биш бөгөөд харин ч их амьдрах чадвартай байдаг бөгөөд санаанд оромгүй их баялагийг бүтээж байдаг.
Харамсалтай нь тэр бүхэн нь хуулиар баталгаажаагүй бөгөөд албан ёсны бүртгэл тооцоонд хамрагддаггүй. Тиймээс өмчлөх эрх нь баталгаагүй, эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжгүй. Энэ байдлыг тэд өөрсдөө хүсээгүй бөгөөд боловсронгүй бус хуулийн тотоц, эдийн засгийн удирдлагын буруу арга барил, хүнд суртал шат дамжлага нь тэднийг аргагүй эрхэнд ийм байдалд хүргэдэгийг профессор Дэ Сото болон түүний баг батлаад бас чиг багагүй хугацаа өнгөрчээ. Тэр бүү хэл энэ тухай Капиталын нууц хэмээх ном нь монгол хэл дээр орчуулагдаж дарга нар биендээ дурсгаж байснаас хойш хэдэн жил өнгөрч. Харамсалтай нь тэд бэлэгний номнуудаа уншдаггүй бололтой.
Хувийн өмч болон өмчлөх эрхийн баталгаа нь тухайн хүний амин зуулгыг хангах төдийгөөр хязгаарлагддаггүй. Хүмүүсийг хариуцлагатай болгож, нийгмийн зөвшилцлийг хангаж, нийтлэгийг бий болгон эдийн засгийн потенциалыг нэмэгдүүлэх гээд системийн үндэс болсон олон чухал үр нөлөө бий. Соёлтой, бусдын өмнө харицлагтай аж төрөх явдал бол нэг л хэсэг нь.
Бүдүүлэг хоцрогдсноор нь дуудахаасаа өмнө бид ахан дүүстээ хашааны газрыг нь хувьчилж өгж, арилжаанд оруулах хуулийн орчныг нь бий болгоод экселээрээ олсон орлогынх нь баталгааг хангаад өгчихвөл тэд хэнээр ч хэлүүлэлгүй боловсон орон сууц худалдаад авчихна. Ингэснээрээ тэд хотод амьдрах соёлын хэм хэмжээнд суралцаж өөрийгөө хүндэлдэг болно. Бид ч гэсэн утаагаар амьсгалахаа больж зам дээр бухимдах нь багасна.
Зөв менежмент хийж чадвал төвлөрөл гэдэг бэрхшээл биш боломж, давуу тал болох учиртай билээ. Үнэндээ хотод хөдөөнийхөн ирсэнээр Улаанбаатарын зах зээл, бизнесийн боломж эрс нэмэгдэж байгаа шүү дээ. Хүн бүрийн өмчлөх эрхийн баталгаа хангагдсан их хотод бүгдээрээ эв найртай амьдарвал сайхан байхсан.

Sunday, February 17, 2008

Political motto 1

Ардчилсан намын улсаа хөгжүүлэх 10 зөв бодлого гэдэгийн бүх томъёоллыг нэгтгэж харуулсан роликний текст бичих болоод нэг иймэрхүү юм гаргаад байнаа. Та бүхэн санаа оноогоо нэмэрлээч.
Харин дараагийн удаа Political motto 2-р илүү сонирхолтой гоё гоё улс төрийн урианууд тэдгээрийн түүх, баримтаас хуваалцъя гэж бодлоо. Тэрийг хүлээлгүй ба бүхэн урьдчилаад иймэрхүү түүх бичвэл би бичвэртээ оруулмаар байна.
***
Морин туурайгаар тамгалагдсан ертeнцийн тeв, Монгол хvн тeрж дэлхийг дагуулсан газар шороо минь.
Oлгийдee vрс минь тайван нойрсог, eсeхдee тэнvvн яваг гэж eвгeдeeс vлдээсэн нутаг минь.

Эцэг тэнгэрээ шvтэж Ээж байгалиан хайрладаг.., энгvй их баялагаас нь Эрдэнийн хувь хvртэх эрхтэй, эх орны Эзэн монгол хvн билээ бид.

Эртний тvvхт нутгийнхаа эд ширхэг болсон Шинэ Улаанбаатар, шинэ хeдeeдee Шударга ёс, иргэний нийгмийг цогцлоон... Ажилтай, орлоготой, амгалан амьдрах ерeeлтэй Эрvvл бие, саруул ухаант Монгол хvн билээ бид.

Бид, Монголдоо vйлдвэрлэж хeгжинe. Бeмбeрцeгийн цээжинд Хавтгай монголыг бvтээж чадна... Дэлхийн хvн та Манайд ирээрэй.

Ертeнцийг захирч явсан Чингисийн удам сэрлээ!
Ертeнцeд eeрсдийгeeн харуулах зeв бодлогоо зарлалаа.
...
Миний Монгол мeнхeд оршиг.

Tuesday, February 5, 2008

My Pan-Mongolism

Хөх хотод явж байгаад хэдэн танидаг өвөр монголчууддаа тоглоом шоглоомоор "та нар муусайн хятаджисан гарууд, хужаа нартай нийлж маниусаа хулхиддаг" гээд хэлчихсэн чинь уйлах нь ээ. Тэгснээ нэг нь: Бид уул нь ар монголынхноор бахархдаг, бие даасан улс болж өнөөг хүртэл явж ирсэн бидний цус нэгт ах дүү нар гэж боддог. Гэхдээ энэ бахархал одоо үгүй болж байна, та нар арчаагүй учраас түүх, соёлоо мартаж маниусаа доромжилдог, та нар арчаагүй учраас хятадууд биднийг дарлаж, уусгаж байна гэж хэлдийм даа. Ёстой ч нэг "хн..." гэтэл хэлсэн дээ. Тэгээд тэднүүстэй үндэсний үзэл их монголын тухай жаал ярьлаа. Их сонин сонин юм ярьснаас ганц нэгж жишээ татъя.
Манй телевизүүдээр их гардаг "Хятадын Чингис" гэж нэрлэсэн 24 ангит цувралыг үнэндээ өвөр монголчууд өөрсдөө хийсэн гэнээ. Найруулагч нь хятад хүн гээд байсан чинь эхийн талаасаа монгол цустай тал нутагт өссөн хүн гэнэ. Тэгээд монгол эзэнтэй томхон компаниуд нь санхүүжүүлээд 30 бүлэг Чингис хаан кино хийснийг нь хятадууд дэлгэцэнд гаргах зөвшөөрөл өгөлгүй 5 жил дарсан байна. Энэ хугацаанд CD, DVD-ээр Хонгконг, өмнөд нутаг, гадаад улсуудаар тараад өндөр аваад эхлэхээр нь хятадууд дахиж хянаад 6 бүлгийг нь хасаад гаргасан нь тэр байж. Хасагдсан 6 бүлэгт нь Чингис хаан морьтойгоо цагаан хэрэм дээр гарч ирээд буухад үй түмэн хятадууд өвдөг сөгдсөн байх гэх мэтийн сцен байдаг, гоё нь тэр хэсэгт үнэнээсээ хятадууд тоглосон байдаг гэж уг кинон дээр Хучирийн дүрд тоглосон Бат гэдэг залуу ярьлаа.
ӨМӨЗО-ын өмнөх тэргүүн нь байсан Енбүүлэн гэж хүнийг домог мэт ярих юм. Тэр нь монголын газарт тариа тариулахгүй гэх мэтээр хятадуудтай үзэлцдэг нөхөр байж л дээ. Тэгсэн чинь машинтайгаа явж байгаад галт тэрэгний зам дээр гэнэт унтраад дайруулаад үхчихсэн гэнэ. Улс төрийн аллага юм байгаа биз.
Нээрээ нэг Монгол бар гээд юм байхаар нь орсон чинь Соёмбо хамтлагт тоглож байсан монгол залуу эхнэртэйгээ түрээсэлж ажиллуулдын байна. Жинхэнэ эзэн нь ордос хүн байдаг гэнэ, ороход хар ч гэсэн цайгаар дайлдаг, монгол стилийн тохижилттой энэ бааранд Хөххотдоо үндэсний цөөнх болчоод байгаа Өвөрмонгол, дээд монгол, хотон, дөрвөдүүд цугладаг юм байна. Хэдэн нөхөр хамтлаг болж тоглоно, тэдний нэгэнтэй уулзсан чинь Дөрвөдийн хошууных гэнэ. Жоохон ярьсан чинь мань хүн: би сайн мэдэхгүй байна гэхдээ Галдан бошигт л байлдаж явахдаа маниусыг хаяад явчихсан юм шиг байгаан, манай хошууныхан тэгээд хүн ам нь өсч сая шахаад хүчтэй болоод ирсэн чинь хятадууд баруун, зүүн гэж хоёр хуваагаад дундуур нь 800 мянган тариачин хятадыг оруулчихсан гэж ярьлаа. Энэ хятадуудын бодлого уу.

Гэх мэтийн факт сонсоод байхаар яалт ч үгүй Pan mongolism буюу нармай монголын талаар мөрөөдөж эхэлдийн байна. Одоо маниус хятадаас өвөр монголыг, оросоос буриадыг салгаж аваад унгарын мажаар, афганы хазааруудыг дуудаж ирнэ гж байхгүй байх л даа. Гэхдээ эдийн засгийн хувьд хүчирхэг, олон улсын тавцанд баттай байр суурьтай байх юм бол тэдний оюун санааны төв, харж залбирдаг өмөг түшиг нь байх бүрэн боломжтой, энэ зуунд миний бодож байгаагаар нармай монголын үзэл ийм хэлбэрээр биелж болох юм шигээ.
Үндэсний уламжлалт баяр цагаан сарын өмнөх блогийг зориуд иймэрхүү сэдвээр бичихээр шийдлээ. Өвөрмонголчууд ч гэсэн биний адил, бүр илүү ёс жаягтайгаар цагаан сараа тэмдэглэж байгаа, европод, ази бүхэлдээ, африкийн хойд хэсэгт нэгэн үе энэ бол төрийн баяр байсан гээд бодохоор бахархалтай.
Сар шинэдээ сайхан шинэлцгээгээрэй. Бас үндэсний үзлийн талаар(үндсэрхэг биш) санал бодлоо солилцоно бизээ.

Thursday, January 24, 2008

Dummy Adages

Би бээр өнөөдөр хамаатан садантайгаа бүлэглэж ардын зүйр үгсийг шүүмжлэн алдас хийх гэж байна. Гүй нэрээ, ухаант ардын мэргэн үг минь гэсээр байтал заримдаа маниусаа хэтэрхий мангар болгоод байх шиг байна.
Цэцэн үг цээжинд цэцэг навч ууланд гээд эхэлдэг нь л өөрөө анатоми физиологи болон морфологигүй байгаам. Цэцэн үг энэ тэрээ гаргах байтугай хөнгөхөөн –Аанхаь /асар зөөлөн хэлнэ/ гэхэд ч гэсэн тархи ажилладагаас биш тэр цээж ямар хамаа байнаа. Ядаж уушиг гэвэл дөхөхсөн. Уушиг гэснээс Ам нээвэл уушиг нээ гэж нэг балай үг байна. Тэгээд л тэрийг нь зөв гээд бодчихсон баахан баагий оройжингоо зурагтаар уушгаа нээцгээж лай болохын. Зүгээр л ам нээгээд товчхоон хэлчих юман дээр.
Түрүүний тэр –Аанхаь ч бас учиртай. Дуугүй хүний доодох нойтон гэж гэнэн л байгаа байхгүй юу, ядаж л –Аанхаь ч юмуу –Оохоо гэж дугарах л ёстой. Худлаа гэвэл шалгаад... хаха цааш нь бичих гэсэн чинь мангар санагдчихлаа. Дээр нь До яамнаас муу блогийг минь хэвлэн нийтлэх нэг хэлбэр гэж үзээд цензурдчихэж магад. Цаадуул чинь тэхээс сийхгүй.
Төр түмэн нүдтэй шүү Батка! Гээд баахан мэдээлэгч, матаачид энд тэндээс сарваганалдаад эхэлнэ шүү дээ. Тэгээд одоо тэднүүсийн төмөр нүүртэй мүүртэй нь ч хаа ийн, хүн шоронд хийхээрээ л тэгээд шаацгаадын. Төр гуай одоо төмөр нүүртэй, түмэн нүдтэй мутант юмуу хаашаа ийн. Нэртэйгээр нь түнтгэр өвгөн түмэн жадтай гэчихгүй.
Тэгээд тэр мутантын төлөө оготно боож үхэв гэдэг бас нэг иргэний идэвхи, хувийн эрх чөлөөг мяалсан үг байна. Үнэндээ ингэж хэлүүлж байгаа хүмүүс өөрийнхөө эрх ашгийн төлөө боож үхэхдээ тулдагаас өнөөхийн төлөө тэгдэггүй л байхгүй юу.
Одоо би төртэй холбоотой ганц л үг иш татъя. Тэгэхгүй бол дуусах шинжгүй мангар үгнүүд их байгаан. Биеэ засаад гэрээ засаад төрөө засах гэж... Баяр сайд гэрээ засчаагүй л гээ биз дээ. Эсвэл Цоомоо ажаа гэрээ нөхөртэйгээ засчихлаа одоо төрөө засах... гээд унуул яахын.
Аливаа юманд анхдагч байна гэдэг бол их сайхан. Өнөөгийн бизнесийн ертөнцөд бол амжилтын гол үндэс болчихоод байна. Гэтэл түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэдэг чинь одоо юу гэсэн үг вээ. Бусдыг дуугүй домбоо байлгаж байгаад өөрөө түрүүлэх гэсэн хүний үг үү. Ядаж байхад дуугүй байж байвал бас ...нойтон мойтон гээд доромжилчноо. Дээхнэ үед нэг давсаг муутай баагий Хааны албанаас хавчихын алба хэцүү гээд бүлтэрчихсэн юмдаг уу. Одоо баахан хэцүү хэцүү гэсэн гарууд гудамж талбай зам мамаар нохой шиг л сариад зогсоод байхын.