Monday, April 23, 2007

Old music or Old man?

Сүүлийн үед сав л хийвэл Никитоныг сонсдог боллоо. Уул нь ч хар багийн л хамаг дууг нь дагаж дуулдаг байсан л даа, гэхдээ сүүлийн үед яагаад ч юм ердөө л тэдний дээхэн үеийн дуунуудаас өөр юм сонсохоо больж. Нууцхан сэтгэл, Чамд би, Цамцаа тайл, Ялгуун, Янаг цэцэг, Бүсгүй гээд л... бүр Бачка Өөжгий нарын хэдэн хүнтэй халтуур хийдэг бааранд ч очиж сонссон.
Гэтэл гадуур арай өөр л юмнууд хит болоод байх шиг байхын. Болд, ВХ, Киви миви портофел ч гэнэ үү. Радиогоор эднүүс л явах юм, тэгэнгүүт нь шуудхан утсаа гаргаж ирээд Никитон тавьж орхиод байгаа маань нас яваад хойшоо л харж бодож сэтгээд байгаагийн илэрхийлэл юм биш биз дээ.
Би зөвхөн Никитон ч биш Хурдын фэн гэхэд болно доо, гэхдээ хүмүүсийн сонсох дуртай дуунууд биш хээн гоё рок дуу болон анплаггедуудыг нь сонсох дуртай. Одоо ч дөнгөсхийвэл машины хөгжимд түлхдэг. Энэ мэтээр орчин үеийн, залуучуудын сонсож байгаа шинэ, илүү стилтэй хөгжмийг сонсохгүй аль эрт байгаад өнгөрсөн носталгинуудыг байнга сонсоод байх нь өнөө цагийг үгүйсгэгч өнгөрснөөр амьдардаг баагийнуудын шинж байж болзошгүй тухай хаа нэгтээ уншиж байсан болохоор өөрийгөө тэдний эгнээнд орж байгаа юм болов уу гэж их юм бодоод байгаа маань энэ.
Зарим хүн нэг иймэрхүү тайлбар хийдэг л дээ: Монголд поп рок хөгжим зогсчихоод байна ш дээ, нэг хэсэг хэдэн өмдий чирсэн баагийд дарагдсан, одоо найрны дуунд замхарч байгаа гэж. Үнэхээр ч сүүлийн үед гарч ирж байгаа хамтлаг дуучид, тэдний хийж байгаа юм нь тэгж сайн болохгүй байж болох юм.
Гэтэл гадаадад бас л адилхан юм байх даа. Өнөөх чинь гадаадын орчин үеийн хамтлаг дуучид эднүүсийг бол ер мэдэхгүй ш дээ, хамгийн сүүлд Linking park гэдэг гайгүй хамтлаг гарсаан л гэсэн ойлголттой бусдыг нь огт сонирхохгүй аль эртний Guns'n roses, Metallica сонссон л хүн. Тэгэхээр хуучны хөгжим сайн гэдэгээс гадна хүн нь хуучин байх магадлал бас байгаад байх шиг байгаан.
Хөгжим тухайн үеэ хүмүүжүүлдэг гэж үг бий. Тийм бол огт харьцуулж болохгүй хоёр өөр хөгжмийг нь харахад өнөө үеийн хүүхдүүд манай үе хоёрын аль нь гайгүй хүмүүжсэн, аль нь хэцүүхэн болж таараад байна вэ? Та нар ер нь энэ талаар юу гэж бодож байна вэ?

Monday, April 16, 2007

Бүгдэд таалагдах нь амжилт уу?

Менежер хүн ямар байх ёстой, хүмүүстэй хэрхэн харилцах ёстой, өөрийгөө хэрхэн удирдах ёстой вэ гэх мэтийн онолуудыг миний мэргэжлийнхэн бүгд заалгадаг, бие дааж ч нилээн идэвхитэй судалсан. Амьхандаа л менежер болъё, карер хийж "амжилтанд" хүрье гэсэн шүү бодолтой юм даг уу даа. Тийм болохоор огт таалагдахгүй байгаа хүнтэйгээ ч гэсэн инээмсэглээд л ярих, харваасын мангар хүнээс ямар нэг чаддаг юмыг нь олж хийлгэхийг хичээх, өөрөө бүх хүнд аятайхан сэтгэгдэл төрүүлэх гэж оролдох гэх мэтийн чадвар хүсвэл надад бий. Гэхдээ би тэгдэггүйг намайг таних, муухай аашлахыг нь харсан олон хүн гэрчлэнэ.
Яагаад мэдсээр байж зөвөөр нь хийхгүй зөнгөртөөд байна вэ..?
Жишээлбэл би карер хийеэ гэж бодоод л одооноос биеэ бэлдээд үг хэл, алхаа гишгээгээ хичээгээд эхэлж болно доо?! юухан байхав, надад заасан, гайгүй ч суралцсан. Гэтэл бодит байдал дээр болж өгвөл жиинс пүүз углана, үсээ засуулахаа нэг хэсэг мартана, костюм өмссөн ч зангиа ер зүүхгүй, пар пар инээж болох болохгүй юмыг чанга чанга ярина, зав гарвал пиво ууна, хажуудаа сууж байгаа охинруу чичрэнэ.
Товчхондоо би хүмүүст биш өөртөө таалагдаж байгаагаар л байх дуртай, энэ байдал нь тэр бүр хүмүүст тааламжтай байгаад байдаггүй байх нь. Учир нь олонхи хүн сая танилцсан бүсгүйтэйгээ рок хөгжим сонсоод толгойгоо сэгсчиж суугаа, чухал чухал юм ярьж байхад инээдэм наргиа болоод байгаа этгээдийг ажилдаа хариуцлагатай, боловсролтой хүн гэж боддоггүйд байгаа юм.
Тэгэхээр жишээлбэл миний бие энэ хэвээрээ өөрийнхөө хүслийг дагаад зөнгөртөөд яваад байх уу, ямар байх ёстой тэр шаардлагад нь орж хүмүүст таалагдаж, хүндлэгдэж, албан тушаал ахиж "амжилтанд" хүрэх ёстой юу?
Ер нь амжилт гэж юу юм бэ, бүх хүнд хүлээн зөвшөөрөгдөх нь амжилт яг мөн үү?

Thursday, April 5, 2007

Монгол цус

Сумочин Даваажаргал Япон бүсгүйтэй сүй тавьснаа зарласан нь Монголоор нэг хэл ам болж орхидог юм байна. Хайран монгол цус, аваргын ген! гэж ирээд л... чухам л монгол цус булингартаж монгол хүний удмын сан устах аюулд ороод байгаа юм байх.
Тэгвэл барууны судлаачдын сүүлийн үед барин тавин нотлоод байгаагаар 13-р зууны байлдан дагууллын үед монгол эрчүүдийн дэлхийгээр нэг тараасан "юм"-ны үр дүнд европ, дундад азид 200-аад ч гэлүү сая хүн монгол ген тээж явдаг юм гэнэлээ. Тэгэхээр үүний төлөө Чингис, Бат хаан, Зэв, Сүбээдэй баатар, тэдний дайчид зэрэг хүмүүсийг Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр яллах хэрэгтэй болж таарч байх шиг байна. Үнэндээ тэр үед болон түүний дараах үеүдэд Монголчууд мөхөж доройтоогүй, харин ч түүхэндээ хамгийн хүчирхэг байсныг түүх гэрчилнэ. Энэ хүчирхэг байдлын нууц нь тэд дэлхий ертөнтэй ямар нэг шашин, ураг төрөл, газар нутаг гэлтгүйгээр нээлттэй харилцсан, чөлөөт худалдаа, мэдээллийн чөлөөт систем гэх мэт даяарчлалын хандлагыг түргэн мэдэрч түүнийг манлайлж чадсаны үр дүн гэж үзэцгээх юм билээ.
Харин харь холын хүн байтугай хажуудаа байгаа эмэгтэйчүүдтэй "цусаа холилдуулахгүй" сүм хийдэд сууцгаачихсан дундад зууны үедээ монгол эрчүүд, монгол улс ямархуу байсныг бид бас л мэднэ. Тиймдээ ч дээр үеийн хүмүүс эр хүн хол газраас сайхан бүсгүйг олж авах нь бахархалтай хэрэг гэж үздэг, үлгэр домогт ч ингэж гардаг билээ. Ингэснээр үндэстэн үгүй болно гэдэг бол дэмий хийрхэл юм бишүү. Өнөө үед үндэстний өвөрмөц байдал, дархлааг цусны шинжилгээгээр биш оюун санаа, нийгэм соёлын ололттой байдал, эдийн засийн тусгаар байдал зэргээр үнэлж хэмждэг болоод байгаа юм гэнэ билээ. Ямар сайндаа л 200 жилийн өмнө болон одоо ч өөрийн гэсэн цусны бүлэг, генийн бүтэцгүй хэрнээ Америк хэмээх улс ямар хүчирхэг байдаг, энэ үндэстний үнэт зүйл ямар түгээмэл байдгийг бүгд л биширч байхав дээ.
Тэгэхээр монгол эрчүүд жалганыхаа эмэгтэйчүүдтэй цусаа ойртуулж сууснаас, дэлхий дахины улс үндэстэн бүрийн сор болсон хүмүүсээр цусаа сэлбэж байх нь зөв юм бишүү. Хятадын асуудал бол шал өөр кейс гэдгийг онцлон хэлье, энд удам судраар нь дамжуулж газар нутаг, оюун санааг нь эзэгнэх гэсэн том гүрний бодлог, түүнээс хамгаалах чадварын асуудал яригдах учиртай.
Мөн охид маань ч гэсэн эрчүүдтэй тэгш эрхтэй нь энэ гээд гадныхантай нэг их садарлаад бай гэсэн дүгнэлтэд хүрч байгаа хэрэг биш шүү. Энэ нь хүний эрхийг үгүйсгэсэн, жендерийн асуудал биш болохыг миний блогыг уншигч охидууд маань ойлгоно гэж найдаж байна.