Tuesday, December 26, 2006

Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээ

RioTinto, IVN-ийн удирлагууд саяхан Ерөнхий сайдтай уулзаж гэрээгээ хурдалъя, бид мөнгөө хурдхан босгож ажилдаа ормоор байна гэсэн юм байх, манай хүн өөдөөс нь тэгвэл манай ЗГ ахиухан хувь авна шүү тэгэхгүй бол би цаг бусаар огцорж ч мэднэ гэсэн юмдаг уу даа. Өнөөдүүл нь тэгээ тэг, тэртэй тэргүй та нар бидний биднийг дарамтлах л гэж хуулиа өөрчилсөн юм чинь, харин хэдэн хувийг авах чинь ямар хөрөнгө оруулалт хийхээс хамаарна гэдэгээ мэдэж байгаа биз дээ гэж. Тэгэнгүүт нь РМ хуулинд заасан дээд хэмжээгээр 34 авмаар байна гээд нөгөөдүүл нь болохгй юм байхгүй гол нь ямар нөхцлөөр вэ гэдэгээ тооцоод бушуухан гэрээгээ хийе гэжээ.
Энэ үлгэрийн сургамж нь: ямар болов ч тогтвортой байдлын гэрээг зөвхөн татварын орчны тогтвортой байдал гэдэгээс өргөн болгож ЗГ-ын оролцооны асуудлыг гаргаж тавьсан, хуулинд заасан боломжийн өндөр хувийг ЗГ эзэмшиж массын хүсээд байгаа дивидендийг нь авах юм шиг байна л даа/энэ төсөл нь ашиг олвол/. Нөгөө талаас хэлцлийн явцад анхаарах ёстой аягүй чухал юмнууд байгаад байнаа: 34 хувийг авахын тулд төсвийн мөнгөөр хөрөнгө оруулалт хийх үү, эсвэл татвар, роялти зэргээ урьдчилан суутгах замаар хувь эзэмших юм уу? мөн байгаль орчны үнэлгээ, орон нутгийн хөгжил, дэд бүтцийн асуудлыг яаж share болгох юм бол?
Гэх мэтээр ашигтай гэрээ хийж чадах эсэх нь манай зүгээс хэлэлцээрт оролцох хүмүүсийн мэдлэг, чадвартай л холбогдож таарах биз, мөн энэ үйл явц ихээхэн ил тод байвал зүгээр л байх.

Энэ мэтийн асуудлуудыг гаргаж ирсэн бяцхан сценари бичих захиалга авчаад нилээд хэд хоног бодлоо, явдаггүй ээ. Ямар хэлбэрийн юм хийж, пабликт ямар мессежүүдийг аятайхан шиг ойлгуулчихаа л бодоод байна. Санаа оноо хэлж туслах хүн байвал баярлана шүү.

Friday, December 22, 2006

Хадгаламжийн хvv юу, PR уу?

Public relation буюу “ПиАр” хэмээн монголчлогдсон арга технологи манай улсад хожуу бөгөөд буруу боловч хөгжиж л байна хөөрхий. Гэхдээ PR манай тохиолдолд голлон улс төрийн сурталчилгааны хүрээнд л ашиглагдаж байгаа бөгөөд сонин хэвлэлээр бие биенийхээ эсрэг мэдээлэл цацах, өөрсдийгөө магтан дуулах зэрэг хэлбэрээс төдийлөн холдоогүй байна.
Олон нийтийн санаа бодлыг удирдаж тэдний сэтгэл зүйд зөв имижтэйгээр байрших энэ технологийг бизнесийн хүрээнд банкууд тодорхой хэмжээгээр эхэлж байгаа бөгөөд “Голомт” банкны нэрэмжит оюутны тэтгэлэг, “Хас” банкны зохион байгуулсан цэвэрлэгээний аян зэрэг нь үүний тод жишээ юм.
Судалгаануудын үр дүнгээс үзэхэд санхүгийн зах зээлийн маркетингийн цаашдын хандлага нь өнөөдөр голлох үзүүлэлт болоод байгаа үнийн хүчин зүйл болох хадгаламжийн өндөр хүү, урамшуулал, сугалаа зэрэг хэрэгслээс татгалзан хэрэглэгдчийн сэтгэл зүйд байршиж итгэл төрүүлэхэд чиглэгдэх нь төлөвтэй байна.
Гэвч харамсалтай нь банк, санхүүгийн системд PR-ийн арга технологийг сугалаат аян төдийхнээр голлон төсөөлж хэрэгжүүлж буй нь цаашдаа санхүүгийн системд хямрал авчрах ч аюултай байж болох юм.
Хадгаламж зээлийн хоршоод яг энэ замаар явасан даа хөөрхий...
Иймээс банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо зэрэг санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг бүх түвшний байгууллагуудад зориулсан олон нийтийн харилцааны/PR/ зөвлөх үйлчилгээг бий болгох, өнөөдүүл нь хүлээж авах л хэрэгтэй байна.


Санхүүгийн PR-ын түүхээс бага зэрэг сонирхуулахад
Санхүүгийн PR-ийн үндэс суурь буюу эхлэл нь 1930-аад оны эхэн үетэй холбогдоно. 1929 оны үнэт цаасны зах зээлийн цочролын дараах сэргэлт, урьд нь хэзээ ч үзэж байгаагүй эдийн засгийн хамгийн гүнзгий уналтад доройтсон ард түмэнд зориулан АНУ-ын Конгрессоос хувьцаа, бондыг гаргах, арилжаалахад шинэ хатуу стандартыг тогтоосон 2 хуулийг баталжээ. Эдгээр хуулиудын үр дүнд корпарациуд шинээр байгуулагдсан Үнэт цаасны хороонд шинэчлэн бүртгүүлэх ёстой болсон юм. Ингэхдээ тэд мөн жилийн тайлан гарган сүүлийн үеийн мэдээллээр хангах хэрэгтэй болсноор санхүүгийн PR-ийн гол хэрэгслүүдийн нэг бий болжээ.
Дээрх 2 хуулийн нэг болох Үнэт цаасны актад хүн бүр-жижиг хувь эзэмшигч, брокер, гишүүн, мэргэжлийн хөрөнгө оруулагч гээд хэн ч бай хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргахдаа хэрэглэгдэж буй мэдээллийн асуудалд чухал анхаарлаа хандуулсан байлаа. Үүнийг дагаад компанийн олон нийтэд зориулсан мэдээллийг зохицуулах дүрэм яаралтай хэрэг болсон байна. Энэ дүрмийн хүрээнд мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтийн сэтгэл зүйд байршихийн төлөөх шинэлэг санаануудыг сэдэж эхэлсэн нь санхүүгийн PR-ын олон арга техникүүдийн эхлэл болсон гэж үздэг.

Монголд "хэдэн тооны" нvvдэлчин байдаг


Нийгэм соёл судалдаг, мэддэг хүн болох гэсэн юм биш шүү, зүгээр л нэг ийм бодол төрөөд...

Бид “Монгол бол нүүдэлчдийн орон-нүүдлийн соёл иргэншлийн сүүлчийн голомт” хэмээн ярьж жуулчдад сурталчилдаг. Гэвч энэ байдал түүх болоод удаж байна. Үүний оронд “Монголд цөөн тооны нүүдэлчид байдаг” гэвэл үнэн байж болох юм. Харьцангуй богино хугацаанд явагдсан өрсөлдөөнд суурин соёл иргэншил уламжлалт нүүдлийн соёл иргэншлийг шахан нийгмийн мөн чанарыг тодорхойлох хандлагатай болжээ.

Хорьдугаар зууны дунд үеэс эхлэн Монгол орныг зөвхөн нүүдлийн соёл иргэншил бүхий нүүдэлчдийн нийгэм хэмээн тодорхойлох аргагүй болж суурин соёл иргэншил бодитойгоор оршин тогтнох болсныг судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөх болсон. Хэдийгээр тариа тарьж хот суурин байгуулсан түүх үүнээс нэлээд эртнээс бичигдсэн хэдий ч хүрээ хот нь ч нүүдлийн шинж чанартай байснаас энэ үеийг хүртэл Монголд дан ганц нүүдлийн соёл иргэншил л оршин тогтнож байсан гэхэд болно.
Харин хорин нэгдүгээр зуун гарсан өнөө үед хэдийгээр цаг хугацааны хувьд хэдхэн жил өнгөрсөн ч уламжлалт нүүдлийн соёл иргэншлийн орон зай огцом багасч Монгол бол нүүдэлчдийн соёл иргэншилтэй орон гэж хэлэхэд эргэлзээтэй болоод байна.
Нүүдлийн соёл иргэншлийн ололт, өвүүдийг өнөөг хүртэл уламжлан дамжуулж ирсэн, бас хадгалан хамгаалж байгаа хэсэг бол зөвхөн малчид буюу хөдөөгийнхөн юм. Энэ үүргийнхээ дагуу тэдний идэх хоол, өмсөх хувцас, орон байр, амьдралын хэв маяг, нийгмийн төрх нь хотынхноос эрс ялгаатай байлаа.
Гэтэл сүүлийн жилүүдэд дэлхийн хөгжлийн даяаршил, улс орны дотоодын нийгэм эдийн засгийн төлөв байдлыг дагаад хотжилт хөдөөг тоон утгаараа төдийгүй иргэншил соёлд үзүүлэх нөлөөллөөрөө нэгэнт даваад байна.
Тавь хүрэхгүй жилийн өмнө монголчуудын арван хүний наймаас илүү нь хөдөөд нүүдлийн байдлаар амьдарч байсан бол өнөөдөр 60 гаруй хувь нь хот газар суурьшжээ.
Сүүлийн гуравхан жилд л гэхэд нийслэл Улаанбаатар хотын хүн амын тоо арав гаруй хувиар нэмэгдсэн нь нийт хүн амын өсөлтөөс тав дахин их байгаа юм. Энэ нь хөдөөгийнхөн уулын аман дахь өвөлжөө, хаваржаагаа орхин хотын гэр хорооллыг зорих болсонтой шууд холбоотой. Тэд байгалийн аашаас зуун хувь хараат нүүдлийн мал аж ахуйгаар амьдрах бололцоогүй болмогц аж үйлдвэрлэл, худалдаа хөгжсөн их хотыг бараадах болсон.
Хотод ирсэн хөдөөгийнхөн он удаан жил уламжлан хадгалж ирсэн нүүдэлчний хэв маягаасаа салж байна. Уртын дуу, морин хуур, аман зохиол... гээд нүүдлийн соёлын хосгүй ололтууд мартагдаж бидэнд ердөө л “би монгол хүн-Чингисийн удам” гэсэн бардамнал цаг барьдаггүй, зоргоороо, эв түнжин муутай төрөлх авираас минь өөр зүйл бараг үлдсэнгүй.
Нутгаа сахиж үлдсэн хэд нь хөгжлийн нийтлэг зүй тогтлоос ангид амьдарч буй гэхэд болно. Хотынхон хөдөөгийнхний хооронд ч нийгмийн давхраажлын том ялгаа гарсныг социологчид анхааруулж байна. Статистикийн тоо баримт ч үүнийг батлана. Өнөөдөр хотод амьдарч буй Батынх сард 161 мянган төгрөгийн орлоготой бол хөдөөд амьдарч буй илүү олон хүүхэдтэй Доржийнх 20-иод мянган төгрөгөөр бага орлого олдог. Үүний улмаас хүүхдүүдийнхээ боловсролд хотынхноос хоёр дахин бага мөнгө зориулж эрүүл мэнд, гоо сайхан, соёлын хэрэглээгээ хязгаарлаж байна.
Хамгийн ноцтой нь Доржид морь унаж малаа хариулдаг, дөрвөн улирал дамжин нүүдэг гэдгээс илүүтэй нүүдлийн иргэншлийн гэх соёл, хэв маяг бараг үлдсэнгүй. Амьдрал ахуйгаа залгуулахын тулд тэр зам бараадан ТҮЦ ажиллуулж аяны хүмүүст аяга цайгаа зардаг болсон. Хоймортоо морин хуур залж найр, наадмын үеэр гэрийнхээ жаврыг үргээн татаж уртын дуу дуулж ч чадахгүй. Үдэш орой хүүхдүүддээ үлгэр, туульс ярьж өгөхгүй, харин сансрын антенн аваад зурагттай болгочих юмсан л гэж бодно.
Товчхондоо Монгол улс Үндсэн хуулиндаа “хот” гэдэг засаг захиргааны нэгж байхгүй гэж тунхагласан ч хотжилт өнөөгийн амьдралын үндсэн хэв маяг болжээ. Нүүдлийн болон суурин соёл иргэншлийн харьцангуй богино хугацааны өрсөлдөөнд суурин соёл ялан гарч нүүдлийн иргэншил шахагдан алга болох аюулын ирмэг дээр ирээд байна.
Энэ нь бидний хувьд давуу тал мөн ч басхүү сул талыг авчрана. Улам бүр даяаршиж буй өнөөгийн ертөнцөд дэлхийн бусад орны хөгжлийн хүчин зүйлсийг тусгаж авах, дасан зохицоход энэ байдал сайнаар нөлөөлж буй ч үе улируулан олон мянган жилийн турш хадгалж ирсэн үнэт өв маань устан үгүй болох аюулыг дагуулж байна гэж судлаачид үзэж байна.
Нүүдлийн соёл иргэншлийн хосгүй үнэт өв уламжлал, монгол зан заншил, хэв маягийг авч үлдэх нь өнөөгийн бидний дэлхийн соёлт хүн төрөлхтөний өмнө хүлээсэн үүрэг гэж бас бодохийн.

Би яагаад vvнийг хийв ээ?

Зиаг, Сайн байцгаана уу?
Урьд өмнө нь би бусдын блогуудыг маш сайн уншигч мөртөө нэг сэтгэгдэл ч бичиж үзээгүй тагнуул шинжтэй он удаан явж иржээ. Гэтэл гэв гэнэтхэн өнөөдөр өөрийн гэсэн блогтой болмоор санагдаад...
Нэгэнт нээсэн юм чинь аятайхан, амьд хуудас байлгах санаа байна. Өөрийн ажил мэргэжил болоод сонирхон судалдаг салбаруудтайгаа холбоотойгоор либертари эдийн засаг, маркетинг ялангуяа судалгаа, консалтинг, мөн PR чиглэлээр санаа бодлоо бичиж байх, хүмүүсээс санаа сонсож байх сонирхолтой байгаа.
Нэгэнт л хувийн блог учир кино, илтгэх урлаг, уран зохиол зэрэг сонирхолоо бас хуваалцана. За тэгээд улиг болсон заваан зүйл ч гэлээ улс төрийн талаар илүү сонирхолтой хэлбэрийн яриа хааяахан болж болох юм.
Гэх мэтээр залхуурахгүй бичээд байвал ихээхэн сэдэв байнаа. Гол нь та бүгдийн оролцоонд найдаж байна, хүндэлсэн хүмүүстээ л энэ хаягийг өгөх болохоор өөрийнхөө нэрээр, үнэн сэтгэлээсээ санаа бодлоо хуваалцана гэж найдаж байна.
За ингээд бодлоо хийлцгээх үү дээ. /Бодолхийлэх нь блог бичих нэг үндэс бөгөөд үүнийг манай нөхдийн хэлэнд ингэж дуудмой/