Wednesday, May 30, 2007

You are a livestock!

Чи бол мал. Тиймээ чи бол мал! Би ч бас...
Чи муу эргүү мал учир интернэтээр бүртгүүлээд амьдардаг дүүрэг дээрээ очоод хэлний шалгалт өгчихөж ч чадахгүй. Тийм болохоор чам шиг хэдэн арван мянган малыг хашаан дотор шээс баастай нь холилдуулан хашиж байгаад бүртгэхгүй бол болохгүй.
Бас чи гэж согтуу мал онгорхой баaр л байвал дотор нь амьдраад байхаас сийхгүй, тэгээд л өөрийнхөө мөнгийг үрж өрөөлийг архинд уруу татаад байх учир 10 цаг гэхэд л бүх баарыг хааж байх хэрэгтэй. Яахав 12 хүртэл дэлгүүрээс аваад гудманд уувал уул, тэгээд зам дээр тасраад унахаар чинь яруу алдарт цагдаа нар ачиж аваад эрүүлжүүлэх хэмээх авран хамгаалах байрандаа аваачиж хийнэ. Ер нь согтоогүй байсан ч гэсэн чам мэтийн лүүнүүдийг баарны үүдэн дээр тосч байгаад барьж аваад байх нь ч зөв л дөө.
Бид гэж бөөн мал сүрэг ангиараа зугаалж байна гээд уул хаданд тэнэж яваад гал түймэр тавих нь тодорхой тул бөөнөөр нь амралтанд явуулж болохгүй. Хээр оччихоод хэрэлдэж зодолдоод нэгнийгээ алчихаж магадгүй учир архи, пивотой бол бүр зүглүүлж болохгүй. Амралтанд авгай хүүхэнтэй тэврэлдээд хэвтэж байгаа малнуудын зургийг хуу аваад тэр чигээр нь зурагтаар гаргадаг бол сайхан санаа.
Та нар муусайн малнуудын дагаж дуулж бүжиглээд байдаг амьтад өвс татаж өөрийгөө мансууруулсан байна. Аягүй бол та нар дуурайж далдайх учир өөрөөсөө бусдад хохирол учруулаагүй байлаа ч гэсэн хүн алснаас илүү ял өгөх нь зөв.
Ядаж байхад муусайн малнууд бүгдээрээ ядуу. Тийм байж хайр сэтгэл, гэр бүл төлөвлөлт энээ тэрээ юм донгосоод байлгүй хоорондоо суувал чинь хэдэн төгрөг өгье, хүүхэд гаргаад байх тусам илүү мөнгө өгөмз. Мал төллөж үржиж л байвал малчинд ашигтай, хаана бэлчиж юу олж идэх нь харин хамаагүй.
Би гэж шуналтай мал хоршоонд мөнгөө тавиад туучихсан, тэгээд бөөн ядаргаа болж байгаа. Харин манай ухаант малчин чамаас мөнгө авч надад өгөөд асуудлыг шийдэх мэргэн арга олж. Нэг малыг нь тэргэнд хөллөж өвс татаад нөгөө малд нь өгч байгаа шиг л сайхан зохицуулж байгаа биз.
Муусайн малнууд бас муугаа мэдэхгүй хүний ул шагайнаа. Малчнаа янз бүрээр сонин дээр биччихээр чинь нөгөө малнууд нь сонсчоод биширч шүтэхгүй өөр малчин энээ тэрээ гээд балайраад байх тул юм бичсэн малыг эрүүгийн хуулиар хатуу шийтгэх хэрэгтэй.

Одоо ойлгож байна уу?! Ядуу, арчаагүй, өөрийгөө аваад явчих чадалгүй бид мэтийн малнуудыг маш сайн зохицуулж олон олон нарийн хууль журмаар гарах газаргүй барьж албан хүчээр хэрэгжүүлж байж л энэ улсыг хөгжүүлэх учиртай байх нь.
Бид малчиндаа аль болох дуулгавартай зүтгэж нэр төр, үзэл бодол, итгэл үнэмшил, ёс суртахуун мэтийг мартаж гэмээнэ гэдэс цатгалан явах учиртай. Нүдээ нээгээд сайн хараач, саяхан чамаас арчаа муутай байсан мал зөв зүтгэсний хүчинд одоо малчин болчихсон биднийгээ хариулж байна шүү дээ.

Бүгдээрээ мал хэвээрээ байх уу яах уу? Би энэ постоо арай дэлгэрүүлээд нийтлэл болгосон. Манай Инфо сониноос уншаарай.

Wednesday, May 9, 2007

No Revenge - Football quotes

5-р сарын 23. Афины Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд Аваргуудын лигийн шигшээ тоглолтод домогт АС Милан & Ливерпүүл. Ямар сайхан тоглолт болох нь ойлгомжтой. 2005 оны шигшээ тогололтод мөн энэ 2 баг үлдэж түүхэнд үлдэх гайхамшигтай тоглолтыг хийж байсныг өдгөө хүн бүр дурсаж энэ удаагийн хариу учрааг хүлээж байгаа билээ. Тэр тоглолтод 3:0-р хожигдож явсан Ливерпүүлчүүд хариу 3 гоолыг хийж тэнцэн улмаар торгуулийн цохилтоор ялж байсан юм. Тиймээс Миланчуудын хувьд тэрхүү өшөө хонзонгоо авах сайхан боломж энэ удаад гарч байгаа. Тэр үед бацаан байсан Кака өдгөө супер од болсон бөгөөд энэ жилийн 12 тоглолтод 10 гоол хийчихсэн гялалзаж байгаа, хамгаалалт нь ямар ч өөгүй шахам бөгөөд ямар ч сайн тоглогчдыг өөрсдийн формд оруулж чадаж байгаагаа 7 хоногийн өмнө Манчестртай тоглохдоо Сан Сирод харуулсан. Тэгэхээр ч одоо муу Хотон шувуунуудыг алаад өгдөг газар даа!!!
Гэтэл үгүй байх нь, дасгалжуулагч Карло Анчелотти хэвлэлийнхний Өшөөгөө яаж авах гэж байна? гэсэн асуултад "Энэ бол ямар нэгэн өшөө авалт биш, бид тэр үеийнх шигээ л хожихын төлөө тоглоно, хожигдлоо гэхэд муу санаж өшөө авах боломжийг хүлээх нь Хөлбөмбөг биш" гэсэн утгатай хариултыг өгчээ. Гайхалтай байгаа биз дээ. Ямар ухаалаг хариулт, ямар гоё ёс зүй вэ. Энэ хариултыг уншаад өнгөрсөн жил Англи, Шведийн тоглолтын дараа Жо Колийн хэлсэн үг мөн санаанд орлоо. Мань эр яалт ч үгүй азаар үнэн гоё гоол нэгийг хийснийхээ дараа хэвлэлийнхний Аз уу, чадвар уу? гэсэн асуултад "Ямар ч гоё гоолыг хийхэд бага зэрэг аз хэрэгтэй байдийм" гэж хариулж байв. Марадоннагийн бас нэг алдартай ишлэл байдаг даа "Бурхны гар" гээд. Яагаав 86 оны дэлхийн аваргаар гялс хийтэл гараараа бөмбөгөө засч авад гоол хийчихдэг. Дараа нь бичлэгийг удаашруулж хараад гар чинь хүрсэн байна ш дээ, шүүгч хараагүй л болохоос гэсэн чинь "Магадгүй энэ бурхны надад болон Аргентинчуудад илгээсэн гар байх" гэж авдаг.

Гэх мэтээр шилдэг хөлбөмбөгчид, дасгалжуулагчдын гайхалтай гоё ишлэлүүд маш их бий, тэр бүрийн цаана их ухаан, өндөр ёс зүй, бас нарийн төлөвлөсөн гэмээр PR харагддаг. Учир нь хөлбөмбөг тэднийг ингэж сургадаг юм. Хөлбөмбөг бол зүгээр л хэдэн хүн бөмбөг хөөгөөд хурдан гүйгээд байх хэрэг биш асар их төлөвшил, арга ухаан, ёс зүй, эрх чөлөө басхүү энгийн боловч чанд, бүгдэд хүлээн зөвшөөрөгдсөн дүрэм журам юм. Тиймээс л хүмүүс энэ спортод дурлаж, үүний төлөө догдолж баярлаж харуусан шаналдаг байх. Тиймээс л манай гарагийн хаана ч гэсэн үндэс угсаа, шашин шүтлэг, нас хүйс, баян ядуу ялгалгүйгээр энэ тоглоомоор тоглодог байх... Гэснээс Эмнэсти интернэрнэшнл нэг гоё реклам хийж. Хөлбөмбөгийн алаг бөмбөг тавиад л болоо, доор нь In this wondeful game, whites and blacks are always together. Stop racism! гэчихэж байгаам даа.

Гадаа 1-р сургуулийн хүүхдүүд хөлбөмбөг тоглож байна, сайн ч тоглох юм. Эдгээр хүүхдүүд PC game тоглолгүй бөмбөг өшиглөж гүйх нь хувцсанд халгаатай байж болох ч зөв хүн болон төлөвшихөд маш чухал нөлөөтэй байх болно. Амараа багшийн энэ тухай "Хөлбөмбөг бол амьдралын сургууль" гээд үнэн гоё нэг нийтлэл байдаг даа. Хөлбөмбөг бол баг юм, бид багаар тоглож сурах хэрэгтэй байна., хөлбөмбөг бол дүрэм юм, түүний гоо сайхан нь дүрмэндээ байдаг, бидний дүрэм ямар байхыг УИХ мэддэг., гэж ирээд л. Нилээн дээхнэ үеийн нийтлэл болохоор дахиад уншихад гэмгүй л байх, уншиж байгаагүй бол заавал уншаарай гэж хэлмээр байна. Мөн олдохгүй бол надад хандаарай.