Tuesday, September 11, 2007

Memorable days

Өчигдөр "Хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр" байлаа. Өнөөдөр "Ихэр хоёрын дурсгалыг хүндэтгэх өдөр".
Эхний "дурсгалын өдөр"-ийг бид сурсан заншлаараа ихээхэн логик муутай тэмдэглэн өнгөрүүлээд байна. Уул шугамандаа МАХН уучлалт гуйж, энэхүү захиалгат геноцидынхоо төлөө Оросууд маниусаасаа 250 сая доллар авах биш өгсөн байгаад, ямархан түүх болсныг мэдэхгүй байгаа залуу үе төдийгүй нас тогтсон хүмүүстээ ойлгуулж, дахин давтагдуулахгүйн тулд ой ухаанд нь шингэтэл сурталчлан таниулж байх ёстой өдөр байв. Гэтэл Цэнддоо гуайн онож хэлсэнчлэн золтой л бие биендээ хэлмэгдлийн баярын мэнд хүргэж, аз жаргалтай хэлмэгдэхийг ерөөсөн ил захидал тараачихсангүй.
1937 оны энэ өдөр(9.10) эхэлж 700 мянган хүнийхээ сор нь болсон 30 мянгыг нь буудаж хорооход хүргэсэн уг үйл явдлыг хэлмэгдүүлэлт биш Үй олноор нь хөнөөх буюу геноцид гэж нэрлэвэл зохино гэсэн Баабар гуайн санаа яахын аргагүй үнэн байх. Гэтэл бидний үе(түүнээс хойших үе) юунаас болоод юуны төлөө гэр бүл бүхэн хэн нэгнийгээ алдаж улс үндэстнээрээ хар дарсан зүүд шиг айдас хүйдэс дунд амьдарч байсныг, үүнийг давтагдуулахгүй байхын тулд яах ёстойг мэдэхгүй бөгөөд "дээр үед хэдэн лам нарыг алсан юм гэнэлээ" л гэсэн ойлголттой байгаа шүү дээ. Хойч үедээ түүхийг сэтгэлээс нь гарахгүй болтол ойлгуулж, мартуулахгүй байх гол арга бол урлаг гэдэг. Энэ он жилүүдийн тухай цөөхөн байдаг номуудыг угаасаа унших дургүй өнөөгийн залуус сөхөж ч харахгүй байгаа./ихэнхи нь гал асаагаад дууссан ч байх/ Тийм болохоор кино урлагыг л ашигламаар санагдаад байгаан.
Шиндлерийн бүртгэл шиг, Төгөлдөр хуур шиг кинонууд байж л хүүхэд залуучууд энэ түүхийн мөн чанарыг сэтгэл зүрхээрээ мэдэрч ойлгох байх, "дурсгалын өдөр"-ийн утга учрыг нь ойлгох байх гэж бодоод байгаан.
Гэтэл Америкчуудыг хар л даа. Саяхан болсон хэрэг явдлыг өнөөдөр домог болтол ой ухаанд нь шингээж жил бүр шинэ кино гарч байна. Үүнийг дагаад америкчууд нэгдэн нягтарч, терроризмын эсрэг үзэл санаа, хүч чадлаа нэгтгэж байна.
Гэхдээ Бушийн хийж байгаа дайн бол энэ биш л дээ. Тэгж ярихын бол Бин Ладен ахын хийсэн ажил ч ихэр хоёр цамхагийг барьснаас ялгаагүй урлагийн сод бүтээл байсым шүү. Ха Ха Ха., За халуурч эхэллээ, аягүй бол дараа Америкийн виз гарахгүй болох тул энд хүрээд өндөрлөе.