Monday, March 3, 2008

The Prohibition

Невадагийн “Аутпост” онлайн сэтгүүлд тус мужийн нэгэн эмсийн хүрээлэнгийн ажилтан буюу бидний нэрэлдэгэээр “биеэ үнэлэгч” Лийфигийн амьдралыг танилцуулжээ. 39 настай энэ эмэгтэйг тэд сайхан байшин, хоёр ч шинэ машинтай, цагийн нарийн хуваарьтай ажил хэрэгч эмэгтэй гэж тодорхойлсон байна. Лийфи жилд 90 мянга орчим ам.долларын ашиг олдог гэжээ. Түүний нэг удаагийн ажлын хөлс 100 орчим доллар байдагаас 69 нь эмэгтэй болон хүрээлэнд нь ашиг болж бусад нь хамгаалалт гэх мэт үйлчилгээнд хуваарилагддаг гэнэ. Тус сэтгүүлд мэдээлснээр Невада мужид 35 тусгай зөвшөөрөл бүхий эмсийн хүрээлэнд 300-800 эмэгтэй тогтмол ажиллаж байгаа бөгөөд энэ салбараас төсөвт жилдээ 10 сая ам.доллар төвлөрч олон тооны хүн(зөвхөн янхан биш!) ажлын байраар хангагддаг байх нь.
Гэхдээ тэнд насанд хүрээгүй охид ажиллахгүй, байнга эрүүл мэндийн хяналтанд байх тул халдварт өвчин хавиар нэг тараахгүй. Ер нь энэ мужид 1970-аад онд биеэ үнэлэх явдлыг хуульчилж журамласнаас хойш хүмүүсийн боддогчлон гэмт хэрэг, садар самуун, бэлэгсийн өвчин гаарч улс үндэстэн нь мөхчихсөн юм байхгүй.
Одоо Улаанбаатарын гудамжин дахь олон зуун биеэ үнэлэгчдийн нэг Дулмаагийн байдлыг төсөөлөх гэж оролдоё. Нэгэн олон улсын байгууллагын судалгаагаар бол буурай хөгжилтэй оронд эмэгтэй хүний хувьд биеэ үнэлэх нь жирийн нэг ажил хийснээс дундажаар 7 дахин их орлоготой байдаг гэнэ. Гэлээ ч Дулмаагийн амьдрал дээшилсэн юм огт байхгүй, байнгын хүчирхийлэлд өртөх ч ямар ч хамгаалалт байхгүй, хүчирхийллээс хамгаалах ёстой цагдаа нар нь өөрсдөө бас нэг төрлийн хүчирхийлэгч болдог. Аягүй л бол халдварт өвчин тарааж яваагаа өөрөө ч мэдэхгүй. Олсон орлогыг нь атаманууд нь эсвэл хятад, солонгос эзэд нь хамж баяжицгаана, гэхдээ үүнээсээ улсад сохор зоосны ч татвар төлөхгүй. Нэг л өдөр тэр эздийнхээ “тусламжтайгаар” хүний наймааны золиос болно.
Янханы амьдрал хүртэл яагаад ийм ялгаатай байнаа гэж үү? Яагаад гэвэл манай улс аливаа садар самуун болоод биеийг үнэлэх явдлыг тас хорьсон “ариун журамт” улс учраас.
Шинхуа агентлагийн мэдээлснээр казиног албан ёсоор бол хориглосон Хятадад жилдээ 4.8 тэрбум ам.доллараар тоглодог. Хамгийн гол нь хятадын тоглоомчид хөрш зэргэлдээ хойд, урд Солонгос, Макао зэрэг хилийн гаднах улсуудад жилдээ 72 тэрбум ам.доллараар тоглодог гэнэ. Тэдгээр хятадууд мэтийн олон улсын тоглоомчдын тун цөөхөн хувийг татдаг Австралийн казинонууд 6.5 тэрбум ам.долларын жилийн орлого олсны гуравны нэг нь ажилчиддаа цалин болж очсон тухай бас нэгэн мэдээ байна.
Манайд ямар билээ гэж үү? Гүй яахав Хятадтай л адил хориглосон, гарууд харин хэдээр тоголдогийг чөтгөр бүү мэд! Лав л улсын банкинд ажиллаж байсан нэг хүн 14 тэрбум төгрөгөөр Солонгосын казиногийн хасаа аваад алдчихсан гэсэн.
Харин улс юу олж байна вэ гэж үү? Улсын дарга нар л мэдэх байх даа.
Энэ хүртэл уншихад асуудлыг дандаа мөнгөн талаас нь хараад байгаа юм шиг санагдаж магадгүй. Тэгвэл өөр нэг хорионы эдийн засгийн бус үр дүнг харъя. Хар тамхи шиг муухай зүйл үгүй гэсэн үзлээр бид хүмүүжсэн. Тийм ч болохоор иймэрхүү юмыг жигшдэг, өвс түүгээд гэртээ татчихсан хүнийг 10 жилээр шоронд хорьдог. Амстердамаас бусад бараг бүх газар ингэж хорьдог байх. Гэтэл ийм хориг нь гэмт хэрэгийн өсөлттэй шууд хамааралтай, ялангуяа хүн амины хэргийг нэмэгдүүлж байгааг Давид Фрийдман гэдэг хүн “Британийн кримналогийн сэтгүүлд” тоо баримттай нь бичжээ. Энэ маягаар хэрэглээг хязгаарлах бодлого ч олон улсын түвшинд хямралд ороод байна гэсэн санааг Амстердамын их сургуулийн Мансууруулах бодисын судалгааны төвөөс гаргасан “Архины хоригийн сургамж мансууруулах бодисын бодлогод” хэмээх судалгааны өгүүлэлд дэвшүүлсэн байх юм.

Архи дарс, янхандалт, мөрийтэй тоглоом, мансууруулах бодис гээд аль хэцүү бүхний тухай сэтгэлгээний шинэ хандлага нэг иймэрхүү байна. Эдгээрт автсан “ёс суртахуунгүй, моральгүй” амьтан би биш гэдэгээ ч хэлэхэд илүүдэхгүй биз.
Харин хүний өөрийгөө мэдэх ухамсараас өөрийнхөө хоосон толгойг илүүд үзэж, эрх чөлөөнөөс хориг саадыг илүүд тавьсан хүмүүс л бусаддаа ёс суртахууны уналт, эдийн засгийн алдагдлыг тулгадаг.

No comments: