Tuesday, March 25, 2008

Modern story-1

Би үлгэр зохиодог болж байгаа. Энэ анхных нь дараа дараагийнх нь бүүр гоё үлгэр болно.

Эртээ урьдын цагт биш энэ манай үед Буратино буюу Пиноккио хэмээх модон хүү байдаг байжээ. Тэрбээр нүдэнд дулаахан сайн цавуудсан шар модон хүн боловч Карло өвөө нь түүнийг анх бүтээхдээ худлаа ярьвал хамар нь томордог байхаар тохируулсан гэнэ.
Пиноккио нэг өдөр санамсаргүй явж байгаад Мэгжид Жанрайсиг хэмээх бурхан бүтээснийг хараад би бүтээсэн юм гэж ярьснаас эхэлж хамар нь анх томорчээ.
Дараа нь Казино Байгаль гэдэг хүнээс манай нам болон би мөнгө аваагүй гэж хэлэхэд хамар нь нилээд томорч ирсэн байна. Үүнээс хойш засгийн газар огцрох бүрт түүний хамар бага зэрэг томорсоор байж. Харин бид Төрөө хямралаас гарган түмнээ ядуурлаас аварна гэж хэлсний дараагаас мөнөөх хамар хоёр нүдээ хаахуйц болжээ.
Түүний хамар нэг л удаа бага зэрэг жижгэрсэн бөгөөд надад нэг хүн 500 сая төгрөгийн хахууль өгөх гэсэн гэж эхэлх үед энэ явдал болжээ.
Пиноккиогийн хайрт цэнхэр үст Мальвина үргэлж гунгилаж байдаг бөгөөд түүнийг баясгахын тулд газар бүрээс гоё сонин зүйл эд баялаг авчравч сэтгэл нь ханадаггүй гэж хүмүүс хэлэлцдэг гэнэ.
Пиноккио Мальвина хоёрын адал явдал дуусаагүй байгаа бөгөөд хэзээ нэгэн цагт амар сайхандаа жарган суух болтугай.

Monday, March 3, 2008

The Prohibition

Невадагийн “Аутпост” онлайн сэтгүүлд тус мужийн нэгэн эмсийн хүрээлэнгийн ажилтан буюу бидний нэрэлдэгэээр “биеэ үнэлэгч” Лийфигийн амьдралыг танилцуулжээ. 39 настай энэ эмэгтэйг тэд сайхан байшин, хоёр ч шинэ машинтай, цагийн нарийн хуваарьтай ажил хэрэгч эмэгтэй гэж тодорхойлсон байна. Лийфи жилд 90 мянга орчим ам.долларын ашиг олдог гэжээ. Түүний нэг удаагийн ажлын хөлс 100 орчим доллар байдагаас 69 нь эмэгтэй болон хүрээлэнд нь ашиг болж бусад нь хамгаалалт гэх мэт үйлчилгээнд хуваарилагддаг гэнэ. Тус сэтгүүлд мэдээлснээр Невада мужид 35 тусгай зөвшөөрөл бүхий эмсийн хүрээлэнд 300-800 эмэгтэй тогтмол ажиллаж байгаа бөгөөд энэ салбараас төсөвт жилдээ 10 сая ам.доллар төвлөрч олон тооны хүн(зөвхөн янхан биш!) ажлын байраар хангагддаг байх нь.
Гэхдээ тэнд насанд хүрээгүй охид ажиллахгүй, байнга эрүүл мэндийн хяналтанд байх тул халдварт өвчин хавиар нэг тараахгүй. Ер нь энэ мужид 1970-аад онд биеэ үнэлэх явдлыг хуульчилж журамласнаас хойш хүмүүсийн боддогчлон гэмт хэрэг, садар самуун, бэлэгсийн өвчин гаарч улс үндэстэн нь мөхчихсөн юм байхгүй.
Одоо Улаанбаатарын гудамжин дахь олон зуун биеэ үнэлэгчдийн нэг Дулмаагийн байдлыг төсөөлөх гэж оролдоё. Нэгэн олон улсын байгууллагын судалгаагаар бол буурай хөгжилтэй оронд эмэгтэй хүний хувьд биеэ үнэлэх нь жирийн нэг ажил хийснээс дундажаар 7 дахин их орлоготой байдаг гэнэ. Гэлээ ч Дулмаагийн амьдрал дээшилсэн юм огт байхгүй, байнгын хүчирхийлэлд өртөх ч ямар ч хамгаалалт байхгүй, хүчирхийллээс хамгаалах ёстой цагдаа нар нь өөрсдөө бас нэг төрлийн хүчирхийлэгч болдог. Аягүй л бол халдварт өвчин тарааж яваагаа өөрөө ч мэдэхгүй. Олсон орлогыг нь атаманууд нь эсвэл хятад, солонгос эзэд нь хамж баяжицгаана, гэхдээ үүнээсээ улсад сохор зоосны ч татвар төлөхгүй. Нэг л өдөр тэр эздийнхээ “тусламжтайгаар” хүний наймааны золиос болно.
Янханы амьдрал хүртэл яагаад ийм ялгаатай байнаа гэж үү? Яагаад гэвэл манай улс аливаа садар самуун болоод биеийг үнэлэх явдлыг тас хорьсон “ариун журамт” улс учраас.
Шинхуа агентлагийн мэдээлснээр казиног албан ёсоор бол хориглосон Хятадад жилдээ 4.8 тэрбум ам.доллараар тоглодог. Хамгийн гол нь хятадын тоглоомчид хөрш зэргэлдээ хойд, урд Солонгос, Макао зэрэг хилийн гаднах улсуудад жилдээ 72 тэрбум ам.доллараар тоглодог гэнэ. Тэдгээр хятадууд мэтийн олон улсын тоглоомчдын тун цөөхөн хувийг татдаг Австралийн казинонууд 6.5 тэрбум ам.долларын жилийн орлого олсны гуравны нэг нь ажилчиддаа цалин болж очсон тухай бас нэгэн мэдээ байна.
Манайд ямар билээ гэж үү? Гүй яахав Хятадтай л адил хориглосон, гарууд харин хэдээр тоголдогийг чөтгөр бүү мэд! Лав л улсын банкинд ажиллаж байсан нэг хүн 14 тэрбум төгрөгөөр Солонгосын казиногийн хасаа аваад алдчихсан гэсэн.
Харин улс юу олж байна вэ гэж үү? Улсын дарга нар л мэдэх байх даа.
Энэ хүртэл уншихад асуудлыг дандаа мөнгөн талаас нь хараад байгаа юм шиг санагдаж магадгүй. Тэгвэл өөр нэг хорионы эдийн засгийн бус үр дүнг харъя. Хар тамхи шиг муухай зүйл үгүй гэсэн үзлээр бид хүмүүжсэн. Тийм ч болохоор иймэрхүү юмыг жигшдэг, өвс түүгээд гэртээ татчихсан хүнийг 10 жилээр шоронд хорьдог. Амстердамаас бусад бараг бүх газар ингэж хорьдог байх. Гэтэл ийм хориг нь гэмт хэрэгийн өсөлттэй шууд хамааралтай, ялангуяа хүн амины хэргийг нэмэгдүүлж байгааг Давид Фрийдман гэдэг хүн “Британийн кримналогийн сэтгүүлд” тоо баримттай нь бичжээ. Энэ маягаар хэрэглээг хязгаарлах бодлого ч олон улсын түвшинд хямралд ороод байна гэсэн санааг Амстердамын их сургуулийн Мансууруулах бодисын судалгааны төвөөс гаргасан “Архины хоригийн сургамж мансууруулах бодисын бодлогод” хэмээх судалгааны өгүүлэлд дэвшүүлсэн байх юм.

Архи дарс, янхандалт, мөрийтэй тоглоом, мансууруулах бодис гээд аль хэцүү бүхний тухай сэтгэлгээний шинэ хандлага нэг иймэрхүү байна. Эдгээрт автсан “ёс суртахуунгүй, моральгүй” амьтан би биш гэдэгээ ч хэлэхэд илүүдэхгүй биз.
Харин хүний өөрийгөө мэдэх ухамсараас өөрийнхөө хоосон толгойг илүүд үзэж, эрх чөлөөнөөс хориг саадыг илүүд тавьсан хүмүүс л бусаддаа ёс суртахууны уналт, эдийн засгийн алдагдлыг тулгадаг.

My UB & Right to owe

Би Улаанбаатар хотдоо хайртай. Гэвч агаарын бохирдол нь биднийг үнэхээр алж байна. Гудамжинд ганган машинууд сүлжилдэх нь хөгжлийн нэг дүр зураг мөн гэж би боддог. Гэхдээ хонио зараад эксель авчихсан нэг нөхөр хотын зам дээр хээр талд морьтойгоо яваа юм шиг давхих, эсвэл хонь шиг бэлчихийг хараад үнэхээр бухимддаг.
Би айлын найран дээр ардын дуу аялж уртын дуугаа биширдэг ч гэсэн хорин нэгдүгээр зууны их хотод нэг аяар нэг л тоноор дуулсан хөдөөх дуунууд хит болж хөгжмийн сувгуудын өнгийг тодорхойлоод байгаад эгдүүцдэг.
Гэлээ гээд яах ёстой гэж? Бид түрүүлж хотод суурьшсан учир дахиж ийшээгээ хөдөөнөөс хүн оруулахгүй гэлтэй нь биш, дээхнэ үеийнх шиг хөдөнөөс хот бараадсан нэгнийг хөөсөн мантуугаар нь дуудаж гадуурхалтай биш. Энэ мэт нь замын хөдөлгөөнийг соёлтой болгож, нүүрсний утааг бууруулж чадахгүй шүү дээ.
Өнөөдөр манай хотод тохиолдож байгаа асуудлууд 17-р зуунд европ даяар, 19-р зуунд Америкт, 1960-аад оноос хөгжиж буй орнуудад учирч өөр өөрийхөөрөө шийдэж иржээ. Асар их шилжин суурьшилт, түүнийг дагасан эмх замбараагүй байдал, хүн амын огцом өсөлт ба хот төлөвлөлтөөс гадуурх ядуусын хороолол зэрэг нь бидэнд л гэнэт тохилдоод байгаа юм биш. Өмнөх улсуудын туршлагаас үзэхэд энэхүү шилжилт хөдөлгөөнийг зогсоож хориглох, үгүй ядахнаа манай дарга нарын ярьдагчлан орон нутгийг нь хөгжүүлж өгөх замаар сааруулах ч боломжгүй. Хаана илүү дээр амьдрах боломж байна тийшээ хүмүүс нүүх нь гарцаагүй. Энэ бол эдийн засгийн үйл хөдлөл, тиймээс үүдэн гарах асуудлыг ч эдийн засгийн аргаар л шийдвэрлэж таарна.
Хотыг зорин нүүдэллэж тэндээ тусдаа давхаргыг бий болгосон хүмүүс буюу манайхаар бол гэр хорооллынхон гэдэг үнэндээ бүгд тийм арчаагүй ядуу улс биш бөгөөд харин ч их амьдрах чадвартай байдаг бөгөөд санаанд оромгүй их баялагийг бүтээж байдаг.
Харамсалтай нь тэр бүхэн нь хуулиар баталгаажаагүй бөгөөд албан ёсны бүртгэл тооцоонд хамрагддаггүй. Тиймээс өмчлөх эрх нь баталгаагүй, эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжгүй. Энэ байдлыг тэд өөрсдөө хүсээгүй бөгөөд боловсронгүй бус хуулийн тотоц, эдийн засгийн удирдлагын буруу арга барил, хүнд суртал шат дамжлага нь тэднийг аргагүй эрхэнд ийм байдалд хүргэдэгийг профессор Дэ Сото болон түүний баг батлаад бас чиг багагүй хугацаа өнгөрчээ. Тэр бүү хэл энэ тухай Капиталын нууц хэмээх ном нь монгол хэл дээр орчуулагдаж дарга нар биендээ дурсгаж байснаас хойш хэдэн жил өнгөрч. Харамсалтай нь тэд бэлэгний номнуудаа уншдаггүй бололтой.
Хувийн өмч болон өмчлөх эрхийн баталгаа нь тухайн хүний амин зуулгыг хангах төдийгөөр хязгаарлагддаггүй. Хүмүүсийг хариуцлагатай болгож, нийгмийн зөвшилцлийг хангаж, нийтлэгийг бий болгон эдийн засгийн потенциалыг нэмэгдүүлэх гээд системийн үндэс болсон олон чухал үр нөлөө бий. Соёлтой, бусдын өмнө харицлагтай аж төрөх явдал бол нэг л хэсэг нь.
Бүдүүлэг хоцрогдсноор нь дуудахаасаа өмнө бид ахан дүүстээ хашааны газрыг нь хувьчилж өгж, арилжаанд оруулах хуулийн орчныг нь бий болгоод экселээрээ олсон орлогынх нь баталгааг хангаад өгчихвөл тэд хэнээр ч хэлүүлэлгүй боловсон орон сууц худалдаад авчихна. Ингэснээрээ тэд хотод амьдрах соёлын хэм хэмжээнд суралцаж өөрийгөө хүндэлдэг болно. Бид ч гэсэн утаагаар амьсгалахаа больж зам дээр бухимдах нь багасна.
Зөв менежмент хийж чадвал төвлөрөл гэдэг бэрхшээл биш боломж, давуу тал болох учиртай билээ. Үнэндээ хотод хөдөөнийхөн ирсэнээр Улаанбаатарын зах зээл, бизнесийн боломж эрс нэмэгдэж байгаа шүү дээ. Хүн бүрийн өмчлөх эрхийн баталгаа хангагдсан их хотод бүгдээрээ эв найртай амьдарвал сайхан байхсан.