Thursday, March 29, 2007

Зурхай үнэн зурдаг уу

Би бээр болбоос шашин гэдэг бол зөвхөн хүмүүсийн хоорондын хуулиар зохицуулагддаггүй харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг зохицуулж хүний дотоод сэтгэлийг ариун байлгах материаллаг бус, гэхдээ шинжлэх ухааны биш оюун санааны итгэл үнэмшил, үнэт зүйлсийн тогтолцоо гэж үздэг нэгэн. Тиймээс хүн алж, хулгай хийхгүй, бусдад хорон муу санахгүй, зөв сэтгэлтэй явбал гэгээрч гийгүүлэхгүй ч гэлээ сэтгэл өөдрөг явна гэж боддог, бурханд тэр л хэмжээнд итгэдэг. Бас хүн мичнээс үүссэн, хүн төрөлхтний мэдлэгийн сан оргүй хоосноос аажим аажмаар бий болсон гэх мэтийн марзан/дунд сургуульд байхад туйлын үнэн мэтээр сургаж байсан/ онолуудыг шүтдэггүй, гэлээ гээд бурхан хүнийг шавраар зуураад хийчихсэн, эсвэл ертөнцийн эзэн Адамын хавиргыг аваад... энэ тэрийг сонсохоороо бүр ч их инээд хүрдэг. Ер нь л амьхандаа шашинг оюун санааны үнэт зүйл талаас нь хүндлэн дагадаг ч шинжлэх ухааныг доромжилсон мухар сүсэгийг бол үгүйсгэх санаатай. Жишээлбэл өнөөдөр үсээ засуулж болохгүй, маргааш ажилдаа явах эсэхээ энэ зурхайг харж байж мэд, өчигдөр танилцсан хүүхэнтэйгээ суу гэх мэтийн айлдваруудыг огтхон ч тоодоггүй нэгэн.
Гэтэл яах аргагүй тэр хэлээд байсан чинь? гэж бодогдох тохиолдол байх юмаа. Тухайлбал намайг пүрэв гарагт бол ер нь хэцүү дээ, бараг л гэрээсээ гаралтгүй болтой зурхайг их сонсож байсан ч нэг ч удаа итгэж байгаагүй. Гэтэл өчигдөр... пүрэв гарагт... эрээн модтой дээрэмчдэд л гэхэд/зам дээр байдаг/ хоёр удаа гартуулж 14.000 төгрөгөөр торгууллаа, ихэд таалагдаж байгаа бүсгүйтэйгээ уулзах гэж бодсоор яваад амжсангүй, орой нь хэдэн найзуудтайгаа муушигдсан чинь анх удаагаа нэг ч гараагүй хожигдлоо, гараад иртэл машины дөрвөн дугуйны калпаакыг "эзэд нь" аваад явчихаж/тоосго өрчихөөгүй нь яамай даа/, огт төлөвлөөгүй байсан зардал гарч 190.000 төгрөг зүгээр байж байгаад аваачиж өглөө.., ашгүй нэг юм Пүрэв гараг дууслаа.
Одоо би зурхайд итгэх хэрэгтэй юу?
Угийн зөрүүд зан минь "яг ш дээ" гэж байвч Эйнштэйн хүртэл буддын шашин, түүний одон орон судлал, зурхайг ихэд үнэлж байсныг бодохоор шинжлэх ухааны үүднээс нотолж чадахгүй байгаа маш их мэдлэг нарийн тооцоо энд үнэхээр байгаад байна уу. Од гаригсын эрхшээл, нөхцлүүд нь хүний бие организмд нөлөөлдгийг бол эрдэмтэд баталчихаад байх шиг байгаан, гэхдээ аз хийморь гэх мэтийн хийсвэр нөхцлүүдийг бас бүрдүүлдэг гэж нэг ч физикч хэлээгүй болохыг өнөөдөр төрсөн өдөрөө хийж буй миний физикч найз нотлоод байгаа юм.
Бас сүнс, хойд нас гэх мэтийн саяхныг хүртэл "мухар сүсэг"-т багтаж байсан ойлголтуудыг буйртай эрдэмтэд барьж аваад нухаад байвч олигтой нотолгоо бас няцаалт ч гарахгүй байх шиг байгаан. За тэр яахав, одоо тэгээд би алинд нь итгэх вэ..? дөрөв дэхь өдөр муушиг тоглох юмуу үгүй юмуу?
Тэгэхээр энэ бүгдийг нэг тийш болгох даалгаврыг нөхөр физикч Хосоо чамд төрсөн өдрөөр чинь өглөө. Happy birthday Khosoo to you!

Monday, March 26, 2007

Алтан цэцгийн хараал

Нэг их завгүй хүн царайлаад яваад байхаар нь блог дээрээ үзсэн киноныхоо тухай ч болов хальт бичмээр санагдав. Би ер нь сайн кинонд дуртай хүн л дээ, найруулагч болох хүсэл маань ч үүнтэй холбоотой байх. :-)
Тэнгист Хятадын өнөө үеийн /5-р үе гэдэг юм билээ/ кино урлагийн нүүр царай болсон найруулагч Жан И Моугийн Алтан цэцгийн хараал киног авч ирж гаргасан нь Солонгос сүүдэр шийгээр занимаалддаг манай театрт том дэвшил болжээ. Эхэндээ энэ киног сүүлийн үед моод болоод байгаа эртний хятадын ордны амьдрал, үлгэрийн гэмээр үйл явдал, тулааны урлагаар хачирласан тааруухан драмуудын нэг юмуу гэж харж байсан ч гайхалтай нүүр хувиргалт хийсэн Чо Юн Фатыг арай гэж танимагцаа тогтож үзэхээр шийдлээ. Гэтэл дээрээс нь холливудыг байлдан дагуулаад байгаа үзэсгэлэнт хятад бүсгүй Гон Ли гараад ирэхээр нь тухтайхан сууж аваад үзсэн нь оножээ. Мэдээж энэ нь дээр хэлсэнчлэн домгийн шинжтэй, тулаанаар чимэглэсэн драм мөн болов ч үйл явдлын өрнөл, зураг авалт, график байгуулалт, жүжигчдийн тоглолт, найруулагчийн дүгнэлт зэрэг нь үнэхээр сайн кино юм шиг санагдлаа. Өнгөний ашиглалт нь гайхалтай.., Орхигдсон хотын талбай алтан шар цэцгээр дүүрэн, тулааны дараа ув улаан цус, тэгснээ дорхон нь цэвэрлэж шар цэцэг... гээд л. Ямар ч л байсан гайхалтай сэтгэгдэл төрүүлж айлгаж чаджээ.
Маргааш нь нэт ухаад энэ киноны тухай жаал жуул юм харвал америкт бокс оффисуудаар одоогийн байдлаар 16 саяыг хийчихээд байгаа юм шиг байна. Гарууд үзэгчийн болон критикал үнэлгээ их өгчээ. Дундажаар B+ гэдэг үнэлгээ өгч, том гарууд нь Not bad, but not perfect гэжээ, тэгсэн хэрнээ коммент нь бүгдээрээ л Аймаар! гэсэн байх юм.
Ер нь аймшигт тулаан, хорон явуулгыг эс тооцоход нөхөр нь эхнэрээ удаанаар хордуулж, хорыг нь хайртай хүүгээр нь өгүүлэх, эхнэр нь нөхрийнхөө өв залгамжлагчтай хайр сэтгэлийн холбоотой байх, өөр нэг бяцхан хүүхэд нь ахыгаа алж хаан суух хүслээ илэрхийлэх, аав нь хүүгээ зодсоор байж алж байгаа, эцэст нь ордон юу ч болоогүй юм шиг цэмцийн үй түмэн боол эв нэгдлийн тухай сүлд дуугаа дуулж байгаа зэрэг нь аймаар...
Энэ киноны найруулагч Жан И Мо гээд жинхэнэ хятад төрхтэй царай муутай нөхөр бол лаг юм байнаа. Жү Доу, Улаан дэнлүүний гэрэл гэх мэт кинонуудыг нь баруунд шүтэцгээх юм, Каннын шагнал авсан, Оскарт нэр дэвшсэн гээд л... бид бол Жет Лигийн тоглосон Hero киног нь мөн ч их үздэг дээ. Түүний үеийн гарууд сүүлдээ Чин, Тан улсуудынхаа түүхийг мөлжиж дуусч байгаа бололтой өвөр монголд очоод монгол амьдралаар кино хийчихсэн Венецед ч гэнэ үү, Берлинд ч гэнэ үү шагнал хамаад явж байх юм. Гэтэл манайхан моод болоод байгаа сэдвийн эзэд хэрнээ ганц кино гаргачихдаггүй, уул нь киноны түүхээрээ бол Монгол хятадаас тохой илүү байсансан. Сүүлийн үеийн жишээ л гэхэд Хадаковатай хамт ганц гайгүй кино хийлээ гэсэн чинь чадаагүй, Японууд манай түүхийг гутаалаа гээд л үглээд сууцгааж байдаг.
Үнэндээ түүхийг яг барих албагүй гол нь чөлөөтэй сэтгэх, хийц сайтай байх нь чухал баймаар. Алтан цэцгийн хараалыг ч гэсэн хятадад түүх гуйвуулсан гээд баагийнууд олон юм ярьж л байгаа юм гэсэн.
Эцэст нь энэхүү бяцхан review-г дуусгахаас өмнө Гон Ли гэдэг хятад жүжигчинд ихээхэн дуртай болсноо хэлмээр байна. Жан И Моугийн бараг бүх кинонд тоглосон, ази царай, европ биетэй энэ хүүхэн бол гоёоос гадна ихээхэн чадалтай жүжигчин юмаа. Жү Доу, Алтан цэцэг, Гэйшагийн дурсамж, Ханнибал гэсэн дөрвөн кинонд л гэхэд 4 янзын характерийг гаргасан, тэгсэн хэрнээ өөрийнх нь арга барил бүгдэд нь байгаад байдаг.
Манай халхын сайхан сайхан хүүхнүүд дотор нэг ийм дайны жүжигчин байгаа болов уу.