Monday, October 29, 2007

Mongol

Эцэг/том/ Бодровын Монгол киног үзлээ. Манайхан мөнөөх хоймортоо залдаг зураг, нууц товчоо хоёроо бодоод пии паа эх сайхан түүх минь энээ тэрээ гээд орилоод байгаа болохоос кино талаасаа бол надад лав таалагдлаа. Нөхөр хэдийгээр монголчуудаас салаавч хүртээд хамтарч кино хийхээ больж Өвөрмонголд очиж хийсэн ч гэлээ манайхны эсэргүүцлийг бас хүлээж аваад зохиолоо бага зэрэг зөөлрүүлсэн юм шиг байна. Дам сонссоноор бол эх зохиол дээр "өвөөг" зүгээр нэг Тангадыг сөнөөхийг хүссэн монгол гэж бичээд шоронд хорих биш нүүрэн дээр нь монгол хүн гэж ийм юм бий гэсэн тамга дараад сармагчин адилаар хүмүүст үзүүлдэг байсан, Бөртэ түүнийг оргуулахаар ирэхдээ жинчиний хүүхэд гаргаж дагавар хатан болох биш янханы амьдралаар амьдардаг гэх мэтийн юм байсан гэнэ лээ. Гэхдээ яахав ээ зүгээр, найзуудаа.

Ерөнхий шийдэл нь яагаад ч юм Рассел Кроу ахын тоглосон Гладиатортай төстэй юм шиг санагдлаа. Тэр дээр бол Рэдли Скот тухайн цаг үе, улс төрийн байдлыг тод дүрсэлж гол дүрийнхээ зорилгыг тод харуулсан. Харин Бодров гуай нилээд домогжуулж хийсвэрлэсэн байна, жишээ нь аянга, цагаан чоно хоёрыг их гоё ашиглах замаар мөнх тэнгэрийн санааг гаргажээ. Сул тал нь гэвэл энэ нөхөр яагаад баахан дайн байлдаан болж дэлхийн талыг эзлээд байсан юм бэ гэдэг нь тод харагдахгүй байна, сүүл хэрд өгүүлэгчээр хэлүүлсэн нэгдмэл хуулийн тухай хэсэгт л цухас санаа нь гарлаа.
Гладиатор гэснээс манай Таданобу ах Рассел Кроу шиг лаг харагдсангүй ээ, уул нь мундаг жүжигчин л юмсан. Харин Жамухад тоглосон казак нөхөр бол сайн байна лээ. Бас Монголд нэг их сүртэй кастинг хийгээгүй мөртөө Бөртэг яаж тийм содон олж аваа вээ гэж гайхмаар байсан шүү.
Зураг авалт бол мундаг гэж болохоор, бас нэг мундаг юм нь тулааны хэсгүүдийг сонин хийсэн байна. Ялангуяа Жамухтай хийсэн байлдааны тулаан холливудын дээд зиндаанд байхаа, юун 300 мурван зуу. За ерөнхийдөө бол энэ кинонд batka's movie box-ийн зүгээс B+ гэсэн үнэлгээ өгөх байна. Харин та нар юу гэж бодож байна?

Tuesday, October 2, 2007

Responsibility

- Ерөнхий сайд Энхболдын сууж явсан машин нэг баагийг мөргөөд гэмтэлрүү явуулчихаж. Тэр дор нь замын цагдаагийнхан хэвлэлийн хурал хийлгээд гарцгүй газраар гарч явсан этгээдийн буруу гээд хаачихаж. Жолооч, хамгаалагчид, тэр үед хөдөлгөөний зогсоочихоод ёсолж зогсдог цагдаа энэ тэрд буруу байгаагүй юм байна. Үүнээс сар гаруйн өмнө иргэн Б машин барьж яваад гарцгүй газраар урдуур нь гүйсэн хүүхдийг (асран хамгаалагчгүй) яалт ч үгүй дайрчихаж. Тэгээд хөөрхий шорон явчихаа дөхөж бөөн мөнгө төлсөн.
- УИХ-ын 3 гишүүнийг луйврын хэрэгт холбоотой байж магадгүй нарийвчлан шалгая гэтэл -үгүй үгүй ёстой тийм юм байхгүй, яахав өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзээд мэдээлэл гаргаад өгье гэнэ, тэрийг нь шалга тэгээд л болоо гээд явуулчихав. Мөнөөхөн иргэн Б ганц шил пиво уучихаад явж байтал согтуу байж магадгүй үлээлгэнэ гэхэд нь өөрөө үгүй үгүй, айраг амссийн. Би өөрийгөө шийтгээд сар машин барихгүй байя гэж гуйгаад байхад нь тоолгүй 6 сар жолооны эрхийг нь түдгэлзүүлчихсэн.

- Нисдэг тэрэг осолдоод өчнөөн хүн үхэж, ядаж байхад эрэл хийлгүй хэд хоносноос нэмж зөндөө хүн үхсэн эмгэнэлт хэрэг гарав. Нислэгийг хянаж зохицуулах ёстой байгууллага, сайд майд баахан хүн буруутай гээд огцруулж халах юм болов. Гэснээ буруугүй юм байнаа гээд буцчихлаа. Гэтэл ойрмогхон болсон бас нэгэн авто ослын хэрэгт явган зорчигч буруутай байсан гэж дүгнэлт гараад жолоочид хэрэг хэрэгсэхгүй болсон хэдий ч ямар нэг хэмжээгээр осол зөрчилд орооцолдсон тул хариуцлага хүлээх зарчимтай гээд жолоо барих эрхийг нь жилээр хасч мөнгөн торгууль ноогдуулсан байна.

Эднүүс онигоо биш үнэн түүх гэдгийг та нар бүгдээрээ мэдэж байгаа. Гэхдээ би хаа байна хууль шүүхийн шударга ёс? бүгд ижил тэгш эрхтэй гэж үнэн үү? гэх мэтийн мэдээжийн асуулт асуух гэсэнгүй. Зүгээр л өөр нэг юм асуух гэсийн.
- Хариуцлага гэж яг юу юм бэ? Хуулийн заалт бичих хэрэггүй шүү! би зүгээр ёс суртахууны хариуцлагын тухай л та бүгдээс сонсож мэдмээр байгаан.