Thursday, November 26, 2009

El Clasico: More than a game

Хагас сайны шөнө энэ жилийн El clasico буюу сонгодог тоглолт болох гэж байна. Барселона VS Реал Мадрид. Чухам энэ өрсөлдөөөнөөс сонгодог өрсөлдөөн хэмээх нэр томъёо бий болж өргөнөөр хэрэглэгдэх болсон байдаг.
110 гаруй жилийн түүхтэй энэ хоёр багийн тэмцэл бол зөвхөн ногоон талбай дахь 90 минутын тоглолтоос хамаагүй илүү зүйл. Энэ тоглолт испани болон каталон үндэстэн хоорондын, эвсэл Мадрид болон Каталон хотынхны асуудал байхаа болиод удаж байгаа.
Учир нь эндээс хөлбөмбөгийн ертөнцөд 100 жилийн турш хамгийн шилдэг амжилтыг үзүүлсэн супер багуудын тулаан, 120 мянган суудалтай аварга цэнгэлдэх хүрээлэнг оволзтол уухайлах хамгийн үнэнч хөгжөөн дэмжигчдийн түрлэг, үхэл амьдрал шийдэх мэт тэмцэлдэх мөртлөө хамгийн цэвэрхэн, гоёмог тоглолт, асар их сэтгэл хөдлөл, баяр хөөр, уйтгар гунигийг харж болдог тул дэлхий даяараа амьсгал даран үздэг юм. Энэ өрсөлдөөний түүх бол хөлбөмбөгийн спортын хөгжлийн түүх байдаг.
107 жилийн түүхэнд El Clasico-д Реал Мадрид 68 удаа, Барселона 60 удаа хожиж хоёр баг 30 удаа эвийн гэрээ байгуулж байжээ. Миний хувьд маргааш РМ Барсаг алдарт Ноу камп дээр нь хожсон 12 гэдэг тоогоо нэгээр нэмээсэй гэж хүсч байна. Гэхдээ үр дүнг нь хэн ч урьдчилан тааж чаддаггүйгээрээ Класико гайхамшигтай байдаг.
Юутай ч Casillas vs Valdez, Alonso vs Iniesta, Kaka vs Zlatan, Ronaldo vs Messi, Raul vs Henry, Higuen vs Puyol... жинхэнэ оддын тулааныг сууж үзэх л үлдлээ.
Hala Madrid!

Tuesday, September 8, 2009

Mongolian companies in Africa





Манай Монголын зарим компани, байгууллага алс холын Африк тивийн Сиерра Леон улсад нэг иймэрхүү брэндинг хийж байна.

Thursday, May 14, 2009

Эх орон ямар vнэтэй вэ?

Асар их үнээр олдсон аз жаргалаа хамгаалж яваарай гээд байсан чинь өөр болчихож хөөе.
Энийг орж үзээрэй. Энийг орж үзээрэй. http://www.youtube.com/watch?v=GBBEwpCDla4

Monday, May 11, 2009

If ... on 24th May 2009

Б.Болдсайхан эмч нэг имй нийтлэл бичжээ. Их сайн бичдэг хүн байна.
5 сарын 24-нд Элбэгээ ялбал хүмүүс баярлана. Улаанбаатарчууд хэн ч дуудаагүй байхад Сүхбаатарын талбайдаа цуглан нэг нэгэндээ баяр хүргэнэ.
5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал хүмүүс чимээгүй айн гэр гэртээ бүгнэ. Улаанбаатарт залуус тэвчээр алдан хараал тавьж ингэж луйварчидад дарлуулж амьдарснаас тэмцэж босоод үзье гэж шүд зуун зоригоо чангалах болно. Хөгшид “боль та нар дахиад буудуулна” гэж хорино. Монгол даяар сонгуулийг мартахыг хичээж “ за наадам л хурдан болоосой” гэж санаа алдан бодлогоширцгооно. Хүмүүс шөнө болоход нэг л гунигтай, далдхан айдастай чимээгүйхэн ор орондоо шургацгаах болно.

5 сарын 24-нд Элбэгээ ялбал хүмүүс хүүхдийн баяраар хүүхдүүдээ баярлуулж, телевизээр хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, хүүхдийн кино гардаг болно. Телевизээр үргэлж үзэж байх ёстой зарим нэг том хүний төрсөн өдөр гэдгийг ч мартана.
5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал хүүхдийн баяраар монгол даяар телевизийн бүх сувгаар ерөнхийлөгч төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэж байгааг өдөржин харан өнгөрөөх болно. Магадгүй дахиад Чингисийн ба Н.Энхбаярын төрсөн өдөр болгон тэмдэглэж Сүхбаатарын талбайд Чингис ба түүний өмнө дуулж бүжиглэж баяр хүргэж өнгөрөх болно. Гай болоод бас нэг уулан дээр гарчихвал тэр тухай нь бүгдээрээ арваад хоног дуу шүлэг зохиож, орой болгон телевизээр давтан үзэж, баярын нулимас унагах хэрэгтэй болно. Мэдээж урлаг улстөр спортын одод хамт ууланд гарах гэж уйлаан болно. Чадаагүй нь хажуугийн эм ууланд гарна. Тэрийг бас телевизээр харж баярлах ёстой болно. Зөндөө баярлах ажил гарна. Олимпод төрийн далбаа биш Н.Энхбаярын далбааг авч явахгүй бол медаль авахгүй болно. Медал авчихвал Н.Энхбаярт баярлах ёстой болно.

5 сарын 24-нд Элбэгээ ялбал монгол боловсрол үнэ цэнэтэй болно.Монгол сэхээтэн үнэ цэнэтэй болно. Үнэ цэнэтэй мэдлэг боловсролтой хүн үнэ цэнэтэй ажилтай болно. Үнэтэй цалинтай болно. Үнэ цэнэтэй амьдралтай болно. Орцны нэг их дээд сургуулиуд цэгцэрч, дээд боловсрол жинхэнэ мэдлэг, ажил амьдралын баталгаа болно. Барууны том их сургуулиудын монгол салбар нээгдэж эх орондоо дэлхийн хаана ч үнэ цэнэтэй мэргэжил, боловсрол олох болно.
5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал их дээд сургууль үнэгүй болно. Боловсрол мэдлэг үнэгүй болно. Багш үнэгүй болно. Оюутан үнэгүй болно. Сэхээтэн үнэгүй болно. Монгол хүн үнэгүй болно. Үнэтэй хүн болоё, үнэ цэнэтэй мэдлэгтэй болоё гэсэн бүхэн гадаад явж их үнэ төлж хүний газар сурч амьдрах болно. Чадалтай ухаантай нь сурсан газраа үлдэж ажиллах болно. Монголоос тархи гадагшлах үзэгдэл жинхэнэ бодат болно. Үнэ цэнэгүй нь монголд үнэгүй сургуульдаа үлдэнэ. Үнэгүй хүн болно. Үнэ цэнэгүй амьдралаар амьдарна.

5 сарын 24-нд Элбэгээ ялбал эрүүл мэнд үнэтэй болно. Монгол хүний амь үнэтэй болно. Хүн бүр даатгалтай болно. Даатгалаараа хүссэн эмнэлэг эмчдээ эмчлүүлдэг болно. Монгол эмнэлгүүд хэдхэн жилийн дотор хөрш орнуудын эмнэлгүүдээс сайн болно. Жилдээ гадагш 40,000 өвчтөн явах биш харин ч буриад, өвөр монгол, тувагаас монголд ирж эмчлүүлэгсэдийн тоо тасралтгүй өсөх болно.
5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал эмчилгээ үнэгүй болно. Эмч үнэгүй болно. Эмнэлэг үнэгүй болно. Эрүүл мэнд үнэгүй болно. Монгол хүний амь үнэгүй болно. Эмч нарын орыг шарын шашны нэр барьсан луйварчид бариач, илээч, нулмиач, цавчаач нар эзлэх болно. Үнэ цэнэтэй амь насаа эмчлүүлье гэсэн монгол хүн Эрээн, Хөх Хот, Бээжинд багтахаа байна. Удаан өвдөж шаналагсадын ар гэрийнхэн нь тэндээ гэр байшин ч авч эхэлнэ, хятад хэл ч сурч таарна. 80 жилийн түүхтэй шинжлэх ухааны монгол эмнэлэг үнэгүйдэн нас барж, хятад эмнэлгүүд баяжин цэцэглэх цаг ирнэ.

5 сарын 24-нд Элбэгээ ялбал монгол хүн бүр таван Толгойн эзэн болно. Хувьцаа эзэмшиж, ноогдол ашгаа авдаг болно. Ганц нэгхэн дарга хагартлаа баяждаг биш бүгдээрээ хүн шиг амьдардаг болно. Эзэн нь болсон монгол хувьцаа эзэмшигчид уурхай, үйлдвэрээ хэрхэн хамгийн сайн ажиллуулахыг шийддэг болно. Хөрөнгөтэй болсон монгол хүн хөрөнгөө яахаа өөрөө мэддэг болно. Яг л хувьдаа малтай, хувьдаа байртай, бизнестэй болсон шиг хүн бүр хувьцаа эзэмшиж, ноогдол ашгаа авдаг болно.
5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал оросын олигархууд эрдэс баялгын маань эзэн болно. Тэдний хаяа чулуудсан хишиг өглөгийг монгол хүн горьдож амьдардаг болно. Жилийнх нь хишиг өглөгийг авах гэж хороо хорин дээрээ оочирлон нэгнээ дарж алах дөхөн гадаад эздийн доромж инээдийг хүргэдэг болно. Хүн бүр хишиг өглөг, нийгмийн халамж, сонгуулийн мөнгө, тахир татуугийн группээр гуйлгачин сэтгэхүйгээр амьдардаг болно.

5 сарын 24-нд Элбэгээ ялбал хүмүүс эрх чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлдэг болно. Буруу зүйлийг эсэргүүцэж жагсдаг болно. Шүүх хуулийн өмнө ард иргэд ч дарга нар ч адилхан тэгш эрхтэй болно. Шүүх цагдаа шударга болно. Дарга нар даврахаа болино.
5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал хүмүүс үзэл бодлоо хэлэхээс улам айдаг болно. Буруугийн эсрэг жагсахаас айдаг болно. Дахиад буудчихна гэж эцэг эх нь айдаг болно. Н.Энхбаярын хүмүүс ба үлдсэн бүх хүмүүс гэсэн ангилал бий болно. Төрийн алба, шүүх прокурор, хүчний байгууллага, хэвлэл мэдээлэл, эдийн засгийн салаа мөчир бүрт зөвхөн энхбаярын хүн бүх эрх, мөнгийг гартаа атгана. Бусад нь тэдэнд үйлчилж, сонгуулиар тэднийг сонгож байх үүрэгтэй болно. Н.Энхбаярын хүмүүст хууль үйлчлэхгүй болно. Н.Энхбаярын дараа энхбаярын хүн дараагийн ерөнхийлөгч болно.

5 сарын 24-нд Элбэгээ ялбал хүмүүс баярлана. Улаанбаатарчууд хэн ч дуудаагүй байхад Сүхбаатарын талбайдаа цуглан нэг нэгэндээ баяр хүргэж, төв гудамжаар залуус машины цонхоор цээж цухайлган төрийн далбаагаа өндөр мандуулан давхилдаж үүр цайтал баярлах болно. Монгол даяар хүмүүс өөрөө л ерөнхийлөгч болчихсон аятай баяр бахдал болон эрх чөлөөтэй хөөрцгөөнө. Маргааш өглөөний нарнаар хүмүүс цээж дүүрэн ялсан баяртайгаар сэрэх болно.
5 сарын 24-нд эрх чөлөөтэй хүмүүс баярлаасай. Хүмүүс айдсыг ялж эрх чөлөөг сонгоосой. Нээх сайхан уужуухан амьсгаа авахсан.

Wednesday, February 18, 2009

Government spending isn't Stimulus

Данхагар төр Ж.Бушт үр дүнгээ өгөөгүй, Б.Обамад ч өгөхгүй
Харин С.Баярт?


Като Институтын судлаач Даниел Ж.Митчелийн бичсэн өгүүллийг бидэнд ч чухал юм болов уу гэж үзээд орчууллаа. Орчуулсан А.Батпүрэв

Бушийн засаглалын жилүүдэд Урамшууллын хөшүүрэг гэж нэрийдсэн, Кейнсийн онолд суурилсан бодлого 2001, 2008 онд хэрэгжсэн. Энэ бодлого хүмүүсийн халаасанд улсаас мөнгө хийвэл хэрэглээний зардлыг нэмэгдүүлж улмаар эдийн засагт түлхэц өгнө гэж итгүүлж байсан юм. Кейнсист онолын эдгээр үзэгдэл нь үр дүнгээ өгөөгүй боловч зайгаа тавиагүй л байна. Обамагийн эдийн засгийн баг ч бас үүнтэй адил, гэхдээ хамаагүй том дүнтэй бодлогыг зүгтүүлж байгаа. 800 тэрбум гаруй долларын шинээр бий болгосон зарлага болон татварын хөнгөлөлтүүд нь хүүгийн зардлыг тооцвол 1 триллион доллар даваад зогсохгүй цаашид амлах амлалтуудын дөнгөж эхлэл байж ч магадгүй.

Гэвч муу юмыг улам их хийх нь өсөлтийн жор яавч биш. Маш ерөнхийгөөр хэлбэл Засгийн газрын зарлага нь эдийн засагт дарамт л болно. Зээлнэ үү, татвараар авна уу ялгааүй энэ нь баялаг бүтээгч салбараас олсон мөнгийг л нааш цааш нь болгоно гэсэн үг юм. Цаашилбал Засгийн газрын зарлагын ихэнхи хэлбэр нь хөдөлмөр болон капиталын зүй зохисгүй хуваарилалтыг бий болгож эдийн засагт хохирол учруулдаг билээ.
Хэдийгээр эдийн засгийн үйл явцад олон хүчин зүйл нөлөөлдөг ч гэлээ засгийн газрын зарлагын сөрөг нөлөө нь өсөлтөнд нөлөөлөгч нэг хүчин зүйл мөн болохыг төрийн оролцооны түвшин өөр өөр улсуудын жишээнээс харж болно. Хонгконг гэх мэт төрийн зохицуулалт багатай эдийн засгийн өсөлт нь Франц мэтийн зохицуулалт ихтэй орнууд төдийгүй Америктай адил дундаж хэмжээний төрийн оролцоотой улсуудын өсөлтийн хувиас өндөр байдаг нь дээрх зарчмаар тайлбарлагдана. 1980 оноос хойших үзүүлэлтүүдийг харьцуулж үзэхэд Хонконгийн эдийн засгийн жилийн дундаж өсөлт 5 хувь, Францынх 2 хувь байгаа юм.

Кейнсист онолыг няцаах нь
1930-аад оны үед Кейнс болон түүний шавь нар засгийн газар мөнгө татаж түүнийгээ зарцуулах юм бол эдийн засагт өсөлт бий болно гэж мэтгэж байв. Тэдний онолоор бол энэхүү нэмэгдэл зарлага нь хүмүүсийн халаасанд орно, хүлээн авагчид нь энэхүү мөнгө буюу «анхдагч хөшүүргээ» зарцуулснаар эдийн засагт цусны эргэлт болж өгөх учиртай. Кейнсистүүд мөн татварыг бууруулах юмуу янз бүрийн хөнгөлөлт чөлөөлөлтүүд нь засгийн газар ямар нэг аргаар мөнгө олж хүмүүсийн гар дээр тавихтай адил нөлөөтэй гэлцдэг.

Энэхүү Кейнсист онол нь логикийн маш том алдаанаас эх авч байна. Бодит амьдрал дээр илэрхий харагдаж байгаа баримт бол засгийн газар эхлээд эдийн засгийн системээсээ гадуур мөнгө хийлгүйгээр одоо байгаа эдийн засагруу юу ч нэмж шахаж чадахгүй. Засгийн газрын зарлагын эдийн засагт оруулж байгаа ямар нэг мөнгө гэдэг бол өөрийнх нь нэг халааснаас аваад нөгөөд нь хийж байгаа л хэрэг. Кейнсистүүдийн санал болгоод байгаачлан төр эхлээд зах зээлээс татсан мөнгөө буцаагаад «урамшууллын багц» болгож зарцуулснаар нийт эрэлт нэмэгддэггүй.
Өөрөөр хэлбэл Кейнсизм нь үндэсний орлогыг нэмэгдүүлэхгүй зөвхөн дахин хуваарилж л чадна.

Хоржоонтой нь Жон Майнард Кейнс өнөөдөр амьд байсан бол Кейнсист онолтон биш л байх болов уу. Ямар ч байсан тэр өнөөгийн данхагар төрийг талархан дэмжихгүй биз.

Кейнсист эдийн засаг: Уналтын явсан зам
Бодит амьдралын түүхэн баримт Кейнсист хандлагыг дэмжихгүй байна.
Херберт Хүүвэр засагласан 4 жилдээ татварыг санаанд оромгүй нэмэгдүүлж (25-c 63 хувь хүртэл) маш хэрцгий протекционист бодлогыг тулган хувийн салбар дахь оролцоог үлэмж нэмэгдүүлсэн. Хамгийн гол нь Кейнсизмын энгийн ойлголт ёсоор засгийн газрын зарлагыг дөрөвхөн жилийн дотор 47 хувиар нэмэгдүүлсэн. Ингээд тэрээр өр зээлгүйгээр төсвөө санхүүжүүлж чадаагүй. Түүнийг ажилдаа орсон 1929 онд төсөв илүүдэлтэй байсан бол 1933 онд ажлаа өгөхөд ДНБ-ий 4.5 хувьтай тэнцэх алдагдалтай байжээ.
Харамсалтай нь Рузвельт мөн адил бодлогыг хэрэгжүүлсэн. Дээд шатлалын татвар 79 хувь хүртлээ нэмэгдэж зах зээл дэхь төрийн оролцоо хэр хэмжээнээс хэтэрчээ. Мэдээж хэрэг засгийн газрын зарлага гэрлийн хурдаар өсч 1933-1940 оны хооронд 106 хувиар нэмэгдсэн.

Данхагар төрийн бодлого Хүүвэрт үр дүнгээ өгөөгүй шигээ Рузвелтэд ч сайн юм болоогүй юм. Ажилгүйдэл өндөр хэвээр, 1930-аад оны турш 17 хувиас буусангүй, нийт бүтээмж Дэлхийн II Дайныг хүртэл 1929 оны түвшиндээ хүрч чадаагүй.
Калифорнийн их сургууль дээр хийгдсэн сүүлийн үеийн судалгаагаар дээрх «Шинэ эргэлтийн» бодлого нь Их хямралыг даруй 7 жилээр уртасгажээ.

Бусад Кейнсист бодлогууд ч мөн адил бараан үр дүнд хүргэсэн бөгөөд азаар Их хямралын үеийнхээс доор орсонгүй. Жералд Форд 1970-аад оны үед Урамшууллын бодлогыг зарим салбарын татварын буцаан олголтоор хэрэгжүүлсэн. Гэвч эдийн засаг өсөөгүй. Яагаад гэвэл нэг хэсгээс нь мөнгө татаж аваад нөгөөд нь буцаан олгох нь бүтээмж, гарцыг нэмэгдүүлэхгүй шүү дээ. Дээр дурьдсанчлан Жорж Буш мөн ийм бодлогыг 2001, 2008, онд хэрэгжүүлсэн ч аль алинд нь эерэг нөлөө үзүүлээгүй.

Олон улсын баримтууд ч Кейнсизмыг няцааж байна. Хамгийн тодорхой жишээ нь магадгүй Япон байх. Тус улс 1990-ээд онд тогтонги байдалд орсон эдийн засагтаа үсрэлт хийхийн тулд дэмжлэгийн бодлого хэрэгжүүлсэн ч улсын өр нь 10 жилийн дотор 2 дахин нэмэгдсэнээс өөр юм болоогүй юм. Үүнээс хойш өнөөг хүртэл Японы эдийн засаг илааршиагүй бөгөөд 1990-ээд оныг Японд «алдагдсан цаг үе» гэдэг билээ.

Дүгнэлт
Эдийн засгийн төлөв байдалд мөнгөний бодлого, худалдааны бодлого, татвар, хөдөлмөрийн зах зээл, өмчийн эрх, өрсөлдөөн гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Гэхдээ маш чухал нэг хувьсагч бол засгийн газрын зарлага юм. Хэрэв засгийн газар хуулийн засаглалыг хангах гэх мэт гарцаагүй чухал нийтийн үйлчилгээнүүдийг үзүүлэхээс хэтэрсэн зарлага гаргаж байгаа бол засгийн газрын данхагар, хүчтэй байдал эдийн засгийн өсөлт хоёрын хооронд урвуу хамаарал байна гэсэн үг.
Харамсалтай нь сүүлийн жилүүдэд бодлого буруу тийшээ шилжсэн, одоо улам бүр даамжирч байна.

PS: Өөрсдийн бий болгосон хямралаар далимдуулан төрийн оролцоог улам нэмэгдүүлж, татварын мөнгөөр Урамшууллын бодлого гээчийг хэрэгжүүлэх оролдлого том, бага улсын эрх баригчдын дунд моод болж байгаа өнөө үед энэ талаар тунгаан бодоцгооно уу.

Saturday, February 14, 2009

VALKYRIE

Хэтэрхий ухаантай улс төрийн драм Lions for lambs-ийг эс тооцвол Сүүлчийн Самурайгаас хойш амралтын байдалд байсан Том ах эргэн иржээ. Ирэхдээ өрөөсөн гартай, тэр нь хоёрхон хуруутай, өрөөсөн нүдээ төмөр саванд кармалаад явж байдаг аймаар төрхтэй язгууртан угсааны герман оффицерийн дүрээр ирж байна.
Гэхдээ хурандаа Клаус Фон Штауфенберг жинхэнэ аймшигт мангас болох Гитлерээс Герман орныг, цаашлаад Европыг аврахаар зориг шулуудан 20р зууны хамгийн том улс төрийн хуйвалдааныг зохион байгуулсан түүхт хүн юм. Тэдний ажиллагааны нэр VALKYRIE. Домогт өгүүлснээр бол Valkyrie хэмээх сүнс тулалдааны талбарт хэн үхэх хэн амьдрахыг бурхны өмнөөс шийддэг.


Гитлерийг алах гэсэн 15 удаагийн оролдлого байснаас Valkyrie ажиллагаа хамгийн том нь. Тэд зөвхөн Фюрерийг алаад зогсохгүй төрийн эргэлт хийж эрх мэдлийг нацистуудаас авах том зорилготой байлаа.
1945 оны 7 сарын 22нд хурандаа Штaуфенбэрг өөрийн гараар цуст яргачинг генералуудтайгаа зөвлөлдөж байхад нь тэсрэх бөмбөг үлдээгээд гарна. Ажиллагаанд 3 генерал дээд тушаалын офицеруудаас эхлээд улс төрчид, цэргийн холбооны дарга гээд олон хүн оролцож нарийн бэлдсэн тул дараа дараагийн үйлдэл сэтгэл хөдөлгөн үргэлжилсээр.., хэдхэн цагийн дотор Рейхстагийг гартаа авч СС-ийн удирдлагуудыг шоронруу илгээнэ. Дараагийн гол бай болох Геббелсийг баривчлах тушаалаа Штауфенберг илгээтэл зөрүүлээд өөрийг нь баривчлах тушаал Берлиний цэргийн командлалд ирж байлаа. Чөтгөрийн Гитлер үхээгүй байж... угаасаа ингэж үхээгүйг үзэгчид мэдэж байгаа ч үнэн байгаасай гэж хүсэн өдийг хүртэл догдлон үзсэн байв.
Энэ нь энэхүү historic war киног үзүүштэй thriller болсныг илтгэнэ. Ердөө 9 сарын дараа өөрөө амиа хорлох дарангуйлагчийг устгахын тулд ямар агуу үйл явдал болсон юм бээ гэмээр.

Өнгөрсөн жил зураг авалт нь эхлэх гэж байхад Германы батлан хамгаалах яам эсэргүүцэл үзүүлж байсан ч эцэстээ тус улсад зураг авахыг зөвшөөрсөн гээд эхнээсээ дуулиан дагуулж хийгдсэн. Хурандаа Штауфенбергийн ач хүүхэд, Германы соёлын сайд зэрэг хүмүүс дэмжиж байсан бол Штауфенбергийн охин бусад нилээн олон германчуудтай адил Том Крузийг тоглохыг эрс эсэргүүцэж байжээ. Учир нь тэдний хувьд энэ маш эмзэг түүх бөгөөд түүхэн баатраар нь холливудын хөөрхөнөөс цаашгүй залуу тоглоод байдаг ч үгүй юм гэж бодсон гэдэг. Ядаж байхад Том ах Scientology гэдэг явцуу шашны байгууллагад элссэн нь тэдний уурыг барж байж.
Гэвч Томын тоглолтоос герман язгууртан харагдахгүй байна гэх мэт шүүмжлэлийг эс тооцвол ерөнхийдөө эерэгээр хүлээж авчээ.

Найруулагч Сингер X-men мэтийн киногоор занималдаж байсан залуухан нөхөр. Зураг авалт нь янзтай, ерөнхийдөө классик. Визуал эффект мөн сайн ч театрт л мэдрэгдэх байх. Valkyrie-д өгсөн Критик үнэлгээ B-, үзэгчийн үнэлгээ B+