Sunday, December 9, 2007

The bad boy - A Good movie


Сүүлийн үед баахан улс төр мөр болоод хүнд сэдвээр хэнээрчихэж, одоо болиноо. Хамгийн дуртайгаараа киноны талаар бичихээр шийдэв. Энэ боломжийг олгосон Ариухдаа спасибо.
The bad boy – A Good movie
Гэр бүлийн драм, гэхдээ бага зэрэг комеди болон адал явдал

Энэ жил миний л мэдэхийн 4-5 монгол кино мэндлэх шиг болсон. Зарим нь нийтлэл нэвтрүүлэгрхүү, зарим нь соц үеийн хит жүжгийг экранизаци хийсэн, зарим нь солонгос киноны үйл явдалд суурилсан со романтик кино хийх гэж оролдсон гээд тус бүрт нь юм ярьж өөлж болох ч “бүх урлагийн дотроос бидэнд хамгийн чухал болох” кино ийнхүү сэргэж байгаа нь баярлууштай.
Муухай ч байсан монгол киногоо үзэх сайхан шүү гэж хүмүүс ярьдаг. Гэтэл муугүй хөөрхөн киног манайхан хийснийг үзэх урамтай байлаа. Энэ үгийг би Сонор рекордсын захиалгаар, Юнителийн дэмжлэгтэйгээр Big line film-ийн бүтээсэн “Аз жаргал – The bad boy” кинонд хамаатуулан хэлж байна.
Гол дүрийн охиноо сонгох кастингийг нээлтттэй хийж PR-даж эхэлснээсээ л энэ кино арай өөр менежменттэй байлаа. Төдийлөн нарийн ширийн тоглолт гаргахгүй ч гэсэн энгийн, байгаагаараа байгаа нь өөрөө дүр болж буй хүүхдүүдээ драмын болон хошин урлагийн чадварлаг жүжигчидтэй хамт тоглуулсан нь оновчтой болжээ.
Найруулагч нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ бол гэр бүлийн аз жаргалын тухай кино гэсэн байна лээ. Үнэхээр ч үүнийг гэр бүлийн драм гэж нэг талаар нэрлэж болмоор, гэхдээ энэ төрлийн ихэнхи кино шиг урт урт харилцан яриа бүхий, ямар ч action байхгүй кино гэж ойлгож болохгүй. Ямартай ч “Аз жаргал – The bad boy”-д нууцлаг эрэл хайгуул, адал явдалт өрнөл, ухаарал өгөх тайлал бий. Дээр нь мэдээж дажгүй хошигнолууд. Хэрэг хийсэн хүүгээ аав нь шийтгэхийн оронд өдөржин дагуулж зугаалуулчихаад эцэст нь хашааныхаа гадаа суугаад ярилцдаг сцен бол их дажгүй ухаалаг, бас юмортой. Харин тэр хэсгийн яриан дунд аав нь “хүмүүс ярилцах тусмаа илүү ойлголцож аз жаргалыг мэдэрдэг” гэж авдийн. Спонсороо PR-дах гээд арай л хуурай авчив уу гэж. Ер нь зарим газар диалогууд нь хэтэрхий тайзны болсон байж магадагүй.
Зураг авалтын тухайд гоц гойд зүйлгүй ч ямар ч байсан өөлөөд байх юмгүй, бас бодитой болсон юм шиг санагдсан. Барьцаалагдсан охиныг суллаж байгаа хэсгийн зураг авалт сайн байсан байхаа. Энэ хэсэгт нээрээ Татарын “Хорвоо” гэдэг дуу янзтай гоё байсан.
Тус киноны уран бүтээлчид Чарльз Чаплины аль 1921 онд бүтээсэн ч одоог хүртэл хүмүүс үзсээр байдаг The Kid киноноос санаа авсан гэдгээ нуугаагүй байна лээ. Тэнэмэл эр хаягдсан хүүхэд олж авч хүн болгодог, сүүлд ээж нь алдартай дуучин болсон байдаг outline бол яах аргагүй адилхан. Гэхдээ шууд дуурайчихаагүй дээр нь нилээн ажилласан байгаа нь үнэлүүштэй. Юутай ч хэсэг унтсан монгол кинонд шинэ өнгө төрх орж ирж байна. Яваандаа илүү буурьтай сэдвээр оригиналь кинонууд гарна байх гэж найдаж байна.

Эцэст нь энэ кинонд batka's movie box-ийн зүгээс B үнэлгээ өгөөд үзэцгээхийг санал болгож байна.

No comments: