Friday, December 22, 2006

Монголд "хэдэн тооны" нvvдэлчин байдаг


Нийгэм соёл судалдаг, мэддэг хүн болох гэсэн юм биш шүү, зүгээр л нэг ийм бодол төрөөд...

Бид “Монгол бол нүүдэлчдийн орон-нүүдлийн соёл иргэншлийн сүүлчийн голомт” хэмээн ярьж жуулчдад сурталчилдаг. Гэвч энэ байдал түүх болоод удаж байна. Үүний оронд “Монголд цөөн тооны нүүдэлчид байдаг” гэвэл үнэн байж болох юм. Харьцангуй богино хугацаанд явагдсан өрсөлдөөнд суурин соёл иргэншил уламжлалт нүүдлийн соёл иргэншлийг шахан нийгмийн мөн чанарыг тодорхойлох хандлагатай болжээ.

Хорьдугаар зууны дунд үеэс эхлэн Монгол орныг зөвхөн нүүдлийн соёл иргэншил бүхий нүүдэлчдийн нийгэм хэмээн тодорхойлох аргагүй болж суурин соёл иргэншил бодитойгоор оршин тогтнох болсныг судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөх болсон. Хэдийгээр тариа тарьж хот суурин байгуулсан түүх үүнээс нэлээд эртнээс бичигдсэн хэдий ч хүрээ хот нь ч нүүдлийн шинж чанартай байснаас энэ үеийг хүртэл Монголд дан ганц нүүдлийн соёл иргэншил л оршин тогтнож байсан гэхэд болно.
Харин хорин нэгдүгээр зуун гарсан өнөө үед хэдийгээр цаг хугацааны хувьд хэдхэн жил өнгөрсөн ч уламжлалт нүүдлийн соёл иргэншлийн орон зай огцом багасч Монгол бол нүүдэлчдийн соёл иргэншилтэй орон гэж хэлэхэд эргэлзээтэй болоод байна.
Нүүдлийн соёл иргэншлийн ололт, өвүүдийг өнөөг хүртэл уламжлан дамжуулж ирсэн, бас хадгалан хамгаалж байгаа хэсэг бол зөвхөн малчид буюу хөдөөгийнхөн юм. Энэ үүргийнхээ дагуу тэдний идэх хоол, өмсөх хувцас, орон байр, амьдралын хэв маяг, нийгмийн төрх нь хотынхноос эрс ялгаатай байлаа.
Гэтэл сүүлийн жилүүдэд дэлхийн хөгжлийн даяаршил, улс орны дотоодын нийгэм эдийн засгийн төлөв байдлыг дагаад хотжилт хөдөөг тоон утгаараа төдийгүй иргэншил соёлд үзүүлэх нөлөөллөөрөө нэгэнт даваад байна.
Тавь хүрэхгүй жилийн өмнө монголчуудын арван хүний наймаас илүү нь хөдөөд нүүдлийн байдлаар амьдарч байсан бол өнөөдөр 60 гаруй хувь нь хот газар суурьшжээ.
Сүүлийн гуравхан жилд л гэхэд нийслэл Улаанбаатар хотын хүн амын тоо арав гаруй хувиар нэмэгдсэн нь нийт хүн амын өсөлтөөс тав дахин их байгаа юм. Энэ нь хөдөөгийнхөн уулын аман дахь өвөлжөө, хаваржаагаа орхин хотын гэр хорооллыг зорих болсонтой шууд холбоотой. Тэд байгалийн аашаас зуун хувь хараат нүүдлийн мал аж ахуйгаар амьдрах бололцоогүй болмогц аж үйлдвэрлэл, худалдаа хөгжсөн их хотыг бараадах болсон.
Хотод ирсэн хөдөөгийнхөн он удаан жил уламжлан хадгалж ирсэн нүүдэлчний хэв маягаасаа салж байна. Уртын дуу, морин хуур, аман зохиол... гээд нүүдлийн соёлын хосгүй ололтууд мартагдаж бидэнд ердөө л “би монгол хүн-Чингисийн удам” гэсэн бардамнал цаг барьдаггүй, зоргоороо, эв түнжин муутай төрөлх авираас минь өөр зүйл бараг үлдсэнгүй.
Нутгаа сахиж үлдсэн хэд нь хөгжлийн нийтлэг зүй тогтлоос ангид амьдарч буй гэхэд болно. Хотынхон хөдөөгийнхний хооронд ч нийгмийн давхраажлын том ялгаа гарсныг социологчид анхааруулж байна. Статистикийн тоо баримт ч үүнийг батлана. Өнөөдөр хотод амьдарч буй Батынх сард 161 мянган төгрөгийн орлоготой бол хөдөөд амьдарч буй илүү олон хүүхэдтэй Доржийнх 20-иод мянган төгрөгөөр бага орлого олдог. Үүний улмаас хүүхдүүдийнхээ боловсролд хотынхноос хоёр дахин бага мөнгө зориулж эрүүл мэнд, гоо сайхан, соёлын хэрэглээгээ хязгаарлаж байна.
Хамгийн ноцтой нь Доржид морь унаж малаа хариулдаг, дөрвөн улирал дамжин нүүдэг гэдгээс илүүтэй нүүдлийн иргэншлийн гэх соёл, хэв маяг бараг үлдсэнгүй. Амьдрал ахуйгаа залгуулахын тулд тэр зам бараадан ТҮЦ ажиллуулж аяны хүмүүст аяга цайгаа зардаг болсон. Хоймортоо морин хуур залж найр, наадмын үеэр гэрийнхээ жаврыг үргээн татаж уртын дуу дуулж ч чадахгүй. Үдэш орой хүүхдүүддээ үлгэр, туульс ярьж өгөхгүй, харин сансрын антенн аваад зурагттай болгочих юмсан л гэж бодно.
Товчхондоо Монгол улс Үндсэн хуулиндаа “хот” гэдэг засаг захиргааны нэгж байхгүй гэж тунхагласан ч хотжилт өнөөгийн амьдралын үндсэн хэв маяг болжээ. Нүүдлийн болон суурин соёл иргэншлийн харьцангуй богино хугацааны өрсөлдөөнд суурин соёл ялан гарч нүүдлийн иргэншил шахагдан алга болох аюулын ирмэг дээр ирээд байна.
Энэ нь бидний хувьд давуу тал мөн ч басхүү сул талыг авчрана. Улам бүр даяаршиж буй өнөөгийн ертөнцөд дэлхийн бусад орны хөгжлийн хүчин зүйлсийг тусгаж авах, дасан зохицоход энэ байдал сайнаар нөлөөлж буй ч үе улируулан олон мянган жилийн турш хадгалж ирсэн үнэт өв маань устан үгүй болох аюулыг дагуулж байна гэж судлаачид үзэж байна.
Нүүдлийн соёл иргэншлийн хосгүй үнэт өв уламжлал, монгол зан заншил, хэв маягийг авч үлдэх нь өнөөгийн бидний дэлхийн соёлт хүн төрөлхтөний өмнө хүлээсэн үүрэг гэж бас бодохийн.

No comments: