Tuesday, August 14, 2007

Mein Kampf

Уулзалгүй удацгаасан байна шүү. Сар гаруй хугацаанд орон даяараа айраг, мах эргүүлж би ч гэсэн хувь нэмэрээ оруулсан боловчиг зөвхөн үүнээс болж биш өөр олон шалтгааны улмаас юун блог бичих манатай байваа. Өнгөрсөн хугацаанд амьдралд маань олон том явдал тохиолдсон боловч энэ тухай ярих гээгүй зөвхөн "тэмцлийн үйл ажиллагаандаа" дэмжлэг хүсэхээр ээлжит блогоо бичиж байна.:-) Гол нь гоё гоё санаа та бүгдээс сонсох л гэж байгаам шүү дээ.
Зурагт, сонингоор эрүүл согтуу нь мэдэгдэхгүй баагийнууд үнэн утгагүй юм ярьж эх орны төлөө тэмцсэн баатрууд болоод байхаар нь энэ тэнүүгээр гүйж байгаа Тэмүжин өвөөгийн цус буцлаад тэмцмээр санагдаад байгаа юм. Тэмцэл маань янз нь 3 юманд чиглэх учиртай юм шиг байна. Ааа яа яа
1. Муусайн борооны үүлнүүд...
Нисгэгч Чинбат хүүхнүүдийг ингэж нэрлэсэн бол би ардын баатрын дүрд тоглох гээд хаа хамаагүй гай болоод яваад байгаа мудакуудыг ингэж хэлмээр байгаан. Тэдэнд худлаа хашгичиж байгаад бор ходоодоо тэжээе гэхээс өөр ямар ч боловсрол, үзэл баримтлал, үнэт зүйл, тэр байтугай эх орны төлөө сэтгэл байхгүй гэдгийг дийлэнхийг нь таних, үнэн нүүр царайг нь харж байсны хувьд хэлмээр байна. Ядаж байхад том гарууд массын дэмжлэг авахын тулд энэ эргүүтсэн амтьдыг баадуудаж өгөөд таарсан хэвлэл мэдээллийнхэн нь онгироогоод байхын.
Энэ булай явдал олон түмний тархийг угааж тэртэй тэргүй хоосон оюуныг нь хордуулснаар зөв сэтгэж, бодит юм хийсэн хүмүүс буланд шахагдаж аягүй бол алуулж хядуулдаг дээрээ тулаад байна. Тиймээс энэхүү "дайрагч бүлэг"-ийг устгах хэрэгтэй. Бид тэдэнтэй адил үхэрнүүд биш учир мэдээж оюунаараа тэмцэж яриад хуцаад байгаа юмнууд нь худал гэдгийг нотлоод гишгэчээд хогийн савруу шидмээр байгаан. Ингэхийн тулд яавал дээр вэ?
2. Улсын мунхагыг ажих тусам
Уур минь аяндаа асч байна. /Р.Ч/
Дээрх муусайн бэртэгчингүүд ингэж газар авч байгаан шалтгаан нь манай нийгэм харанхуй байгаатай холбоотой нь дамжиггүй. Төр мөр гээч шаарнуудаас хоногийн хоолоо гуйж авдаг, тэрнийхээ төлөөсөнд эрх, эрх чөлөө, ёс суртахуунаа алдаж оюун ухаанаа боомилуулдаг байсан тэр сэтгэхүйгээсээ "хайрт ард түмэн" гараагүй л байгаа нь тэр.
Энэ дэлхий ертөнц нэг өөр замаар замнаж хөгжөөд бид тэрнийх нь хойноос сажилж байна, тэр нийгэм эдийн засгийн тогтолцоо нь хүнд юуг өгч, ямар байхыг шаарддаг, ямар зарчим дээр суурилдаг вэ гэдгийг бүдүүн тоймоор нь ойлгоод авбал өнөөдөр уйлаан майлаан, цус, нулимс болоод байгаа олон асуудал их аятайхан шийдэгдээд яваад баймаар молхи надад санагдаад байгаан. Адгийн наад зах нь уул уурхай тойрсон хэрүүл, хадгаламж зээлийн хоршооны асуудал, сапу-ийн хохирогчид гээд л эдийн засгийн сэтгэлгээ нь цэгцрээгүйгээс гарч байгаа олон асуудал байна ш дээ. Цаашлаад том хөгжлийн асуудалд ч энэ байдал л дөнгө болж байна. Тэхээр болдогсон бол 40-50-д онд шинэ үсгийг кампанчилан заасан шиг хүн бүрийг эдийн засгийн наад захын боловсролтой л болгомоор байна.
Дараагийн асуулт, үүний тулд мөн л юу хийх вэ?
3. Социалистуудын овоолго
Мильтон Фрийдман гэгч сартваахи либерал эдийн засагчдийн хуралыг ингэж хэлсэн гээд бодохоор өнөөдрийн монголд байсан бол боож үхэх юм байна л даа. Угийн харанхуй, ядаж байхад баахан дуракууд санаан зоргоороо чалчиж хүмүүсийг улам доош нь чангаах болсон энэ үед нэг л их одон тэмдэг санжигнуулсан мундаг эдийн засагчид бас баахан балайрнаа. Бүгдээрээ ардчилал, зах зээл гэж ярих мөртөө үнэт зүйлс нь социалист хэвээрээ. Ядаж байхад засаг төрийн бодлогод эднүүсийн нөлөөтэй гэж.
Ийм байхаар чинь ямар юмных ухаалаг, зөв бодлогыг хүлээхэв дээ. Тийм болохоор ерөөс энэ баагийнуудын онол, зарчим, үзэл суртлыг нь босож ирэхгүй болтол няцааж унагах, энийг нь олон түмэнд мэдрүүлмээр байна. Өөрөөр хэлбэл тэр хамжлагат эдийн засгийн онолыг нь хүн сонирхохгүй болтол няц дарах хэрэгтэй.
Тэхээр нөгөө л асуулт, Яаж энийг хийж болох вэ?
Аймаар том тэмцэл хийх гэж байгаа биз? хэхэ. Гэхдээ би ямар ганцаараа одоо хийчий гэж байгаа биш дээ. Гөлөг царайлсан Гитлер Mein kampf/Миний тэмцэл/ гэж орилж байгаад л аймаар том өөрчлөлт гэхийм уу хувьсгал хийчихсийн гэнэлээ. Харин бид бол зөв юмны төлөө, ирж яваа цагийг л илүү хурдлуулахсан гэж бодож байгаа улсууд болохоор эх орныхоо төлөө иймэрхүү юм хийж болох байлгүй дээ. Харин яаж вэ гэдэг дээр комментоо үлдээцгээнээ гэж найдав.

Thursday, June 14, 2007

It's raining

Гадаадад байгаа найз маань сонин сайхан юу байна, мэйл бичээчээ гээд байхад нь гүрийж гүрийж өнөөдөр л нэг юм бичлээ ш дээ. "-Урт удаан, хав халуун өдрүүдийн дараа УБ хотод одоо л нэг удтал хүлээлгэсэн бороо орлоо" гээд л хөөрсөндөө бараг шүлэг бичсэн байгаа биз дээ.
Бид ер нь яагаад бороонд ийм дуртай байдаг юм бээ? Зарим хүн их удаан орохоороо уйтгартай муухай гэдэг ч надад бол борооны улирал гээч нь болчихдоггүй л юм бол хамаагүй ээ. Тэгээд борооны тухай жоохон бодсон чинь... хүн төрөлхтөн бороог зөвхөн газрыг дэвтээж ус шим өгдөг талаас нь биш сэтгэл зүйн талаасаа их гоёор санаж сэтгэж байдаг юм шиг байнаа. Энэ нь урлагийн бүтээлүүдэд тусгалаа олсон байдаг бололтой. Их олон алдартай зураг байдаг гэсэн би мэдэхгүй л дээ. Харин кинонуудаас бол бороотой холбоотой гайхалтай дүрслэлүүд ганц нэгийг санаж байна. Хэдийгээр бороон дундуур ямар нэг үйл явдал болж бужигнах зохиомжийг найруулагчид их ашигладаг ч сэтгэлд үлдсэн нь цөөхөн юм шиг байнаа.

Гэхдээ бороо, кино... гэхээр л надад Shawshank redemption/Шаушанкаас оргосон нь/ хэмээх домогт киноны нэг план шууд нүдэнд тусдаг. Энэ бол Энди /Tim Robbins/ 20 гаран жил ухаж цоолсон чулуун хананыхаа цаадах 500м урт муу усны хонгилоор мөлхсөөр бороо шаагисан тэр нэг шөнө эрх чөлөөтэйгээ золгон цээж дүүрэн амьсгалж, тэр шорон, хүнд он жилүүдийн муу муухайг биенээсээ зайлуулах мэт угаагдан зогсох мөч билээ.
Өөр нэг янзтай гоё дүрслэл бол Сержио Лионы "Америкт нэг удаа" дээр гардаг даа. Нөгөө бацаанууд чинь давс зүүгээд урсгачихсан бараагаа хүлээгээд бороон дунд завин дээр амьсгаа даран сууж байдаг. Тэгж байтал бөмбөлөгнүүд суга үсрэн гарч ирээд л... тэгээд дараа нь анхны орлогоороо бүлгийн фонд байгуулж буудлын сейфэнд хадгалж байгаа, жижиг нь цоожийг нь шалгаж байгаа, тэгээд л нэг их өндөр хоёр байшингийн дундуур явж байгаа эднүүс ч гоё шүү.., ядаж байхад Энио Мориконы хөгжим янтай. Жоохон халуурахад энэ хэсгийн дараа Баци хөөж буудаад жижиг нь оногдчихсныхоо дараа "Нүүдл! би халтираад уначихлаа" гэж хэлдэг хэсэг ч гэсэн аймаар тээ?
Бүхэлдээ бороон дуслаас гарч ирсэн хүн гэж өөрийгөө боддог нэг мэдрэл муутай юм шиг боловч маш ухаантай эрийн/Dustin Hoffman/нэг лаг кино бас санаанд орчихлоо. The rain man гээд... Би тэр киног яагаад ингэж нэрлэснийг сайн ойлгоогүй ч энэ бол яах аргагүй домогт кино гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Мөнгөнөөс өөр юм бодохгүй бүтэл муутай дүүгээ/тэр нь Том круз/ яаж хүн болгож авч байгаа эднүүсийг нь харсан ч гэсэн rain man шиг сайхан сэтгэлтэй, өөдрөг, тэнгэрлэг амьдрахсан гэж ихэнхи хүнд бодогддог байхаа.
Ер нь энэ киног ойрмогхон нэг тухтай үздэг хэрэг ээ. Та бүхэнд ч бас Batka's movie box-ийн зүгээс The rain man болон Shawshank redemption-ийг дахин үзэхийг уриалж байна. Мөн бороотой холбоотой иймэрхүү гоё моментуудын талаар коммент үлдээхийг хүсье. Хамаагүй ээ, таалагддаг дууны үг ч байсан болно.
Төгсгөлд нь Shawshank redemption-ээс нэг ишлэл үлдээлээ. Уг киноны лаг лаг диалогуудын нэг хэсэг нь энэ юм.
"Get busy living or get busy dying..."

Wednesday, May 30, 2007

You are a livestock!

Чи бол мал. Тиймээ чи бол мал! Би ч бас...
Чи муу эргүү мал учир интернэтээр бүртгүүлээд амьдардаг дүүрэг дээрээ очоод хэлний шалгалт өгчихөж ч чадахгүй. Тийм болохоор чам шиг хэдэн арван мянган малыг хашаан дотор шээс баастай нь холилдуулан хашиж байгаад бүртгэхгүй бол болохгүй.
Бас чи гэж согтуу мал онгорхой баaр л байвал дотор нь амьдраад байхаас сийхгүй, тэгээд л өөрийнхөө мөнгийг үрж өрөөлийг архинд уруу татаад байх учир 10 цаг гэхэд л бүх баарыг хааж байх хэрэгтэй. Яахав 12 хүртэл дэлгүүрээс аваад гудманд уувал уул, тэгээд зам дээр тасраад унахаар чинь яруу алдарт цагдаа нар ачиж аваад эрүүлжүүлэх хэмээх авран хамгаалах байрандаа аваачиж хийнэ. Ер нь согтоогүй байсан ч гэсэн чам мэтийн лүүнүүдийг баарны үүдэн дээр тосч байгаад барьж аваад байх нь ч зөв л дөө.
Бид гэж бөөн мал сүрэг ангиараа зугаалж байна гээд уул хаданд тэнэж яваад гал түймэр тавих нь тодорхой тул бөөнөөр нь амралтанд явуулж болохгүй. Хээр оччихоод хэрэлдэж зодолдоод нэгнийгээ алчихаж магадгүй учир архи, пивотой бол бүр зүглүүлж болохгүй. Амралтанд авгай хүүхэнтэй тэврэлдээд хэвтэж байгаа малнуудын зургийг хуу аваад тэр чигээр нь зурагтаар гаргадаг бол сайхан санаа.
Та нар муусайн малнуудын дагаж дуулж бүжиглээд байдаг амьтад өвс татаж өөрийгөө мансууруулсан байна. Аягүй бол та нар дуурайж далдайх учир өөрөөсөө бусдад хохирол учруулаагүй байлаа ч гэсэн хүн алснаас илүү ял өгөх нь зөв.
Ядаж байхад муусайн малнууд бүгдээрээ ядуу. Тийм байж хайр сэтгэл, гэр бүл төлөвлөлт энээ тэрээ юм донгосоод байлгүй хоорондоо суувал чинь хэдэн төгрөг өгье, хүүхэд гаргаад байх тусам илүү мөнгө өгөмз. Мал төллөж үржиж л байвал малчинд ашигтай, хаана бэлчиж юу олж идэх нь харин хамаагүй.
Би гэж шуналтай мал хоршоонд мөнгөө тавиад туучихсан, тэгээд бөөн ядаргаа болж байгаа. Харин манай ухаант малчин чамаас мөнгө авч надад өгөөд асуудлыг шийдэх мэргэн арга олж. Нэг малыг нь тэргэнд хөллөж өвс татаад нөгөө малд нь өгч байгаа шиг л сайхан зохицуулж байгаа биз.
Муусайн малнууд бас муугаа мэдэхгүй хүний ул шагайнаа. Малчнаа янз бүрээр сонин дээр биччихээр чинь нөгөө малнууд нь сонсчоод биширч шүтэхгүй өөр малчин энээ тэрээ гээд балайраад байх тул юм бичсэн малыг эрүүгийн хуулиар хатуу шийтгэх хэрэгтэй.

Одоо ойлгож байна уу?! Ядуу, арчаагүй, өөрийгөө аваад явчих чадалгүй бид мэтийн малнуудыг маш сайн зохицуулж олон олон нарийн хууль журмаар гарах газаргүй барьж албан хүчээр хэрэгжүүлж байж л энэ улсыг хөгжүүлэх учиртай байх нь.
Бид малчиндаа аль болох дуулгавартай зүтгэж нэр төр, үзэл бодол, итгэл үнэмшил, ёс суртахуун мэтийг мартаж гэмээнэ гэдэс цатгалан явах учиртай. Нүдээ нээгээд сайн хараач, саяхан чамаас арчаа муутай байсан мал зөв зүтгэсний хүчинд одоо малчин болчихсон биднийгээ хариулж байна шүү дээ.

Бүгдээрээ мал хэвээрээ байх уу яах уу? Би энэ постоо арай дэлгэрүүлээд нийтлэл болгосон. Манай Инфо сониноос уншаарай.

Wednesday, May 9, 2007

No Revenge - Football quotes

5-р сарын 23. Афины Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд Аваргуудын лигийн шигшээ тоглолтод домогт АС Милан & Ливерпүүл. Ямар сайхан тоглолт болох нь ойлгомжтой. 2005 оны шигшээ тогололтод мөн энэ 2 баг үлдэж түүхэнд үлдэх гайхамшигтай тоглолтыг хийж байсныг өдгөө хүн бүр дурсаж энэ удаагийн хариу учрааг хүлээж байгаа билээ. Тэр тоглолтод 3:0-р хожигдож явсан Ливерпүүлчүүд хариу 3 гоолыг хийж тэнцэн улмаар торгуулийн цохилтоор ялж байсан юм. Тиймээс Миланчуудын хувьд тэрхүү өшөө хонзонгоо авах сайхан боломж энэ удаад гарч байгаа. Тэр үед бацаан байсан Кака өдгөө супер од болсон бөгөөд энэ жилийн 12 тоглолтод 10 гоол хийчихсэн гялалзаж байгаа, хамгаалалт нь ямар ч өөгүй шахам бөгөөд ямар ч сайн тоглогчдыг өөрсдийн формд оруулж чадаж байгаагаа 7 хоногийн өмнө Манчестртай тоглохдоо Сан Сирод харуулсан. Тэгэхээр ч одоо муу Хотон шувуунуудыг алаад өгдөг газар даа!!!
Гэтэл үгүй байх нь, дасгалжуулагч Карло Анчелотти хэвлэлийнхний Өшөөгөө яаж авах гэж байна? гэсэн асуултад "Энэ бол ямар нэгэн өшөө авалт биш, бид тэр үеийнх шигээ л хожихын төлөө тоглоно, хожигдлоо гэхэд муу санаж өшөө авах боломжийг хүлээх нь Хөлбөмбөг биш" гэсэн утгатай хариултыг өгчээ. Гайхалтай байгаа биз дээ. Ямар ухаалаг хариулт, ямар гоё ёс зүй вэ. Энэ хариултыг уншаад өнгөрсөн жил Англи, Шведийн тоглолтын дараа Жо Колийн хэлсэн үг мөн санаанд орлоо. Мань эр яалт ч үгүй азаар үнэн гоё гоол нэгийг хийснийхээ дараа хэвлэлийнхний Аз уу, чадвар уу? гэсэн асуултад "Ямар ч гоё гоолыг хийхэд бага зэрэг аз хэрэгтэй байдийм" гэж хариулж байв. Марадоннагийн бас нэг алдартай ишлэл байдаг даа "Бурхны гар" гээд. Яагаав 86 оны дэлхийн аваргаар гялс хийтэл гараараа бөмбөгөө засч авад гоол хийчихдэг. Дараа нь бичлэгийг удаашруулж хараад гар чинь хүрсэн байна ш дээ, шүүгч хараагүй л болохоос гэсэн чинь "Магадгүй энэ бурхны надад болон Аргентинчуудад илгээсэн гар байх" гэж авдаг.

Гэх мэтээр шилдэг хөлбөмбөгчид, дасгалжуулагчдын гайхалтай гоё ишлэлүүд маш их бий, тэр бүрийн цаана их ухаан, өндөр ёс зүй, бас нарийн төлөвлөсөн гэмээр PR харагддаг. Учир нь хөлбөмбөг тэднийг ингэж сургадаг юм. Хөлбөмбөг бол зүгээр л хэдэн хүн бөмбөг хөөгөөд хурдан гүйгээд байх хэрэг биш асар их төлөвшил, арга ухаан, ёс зүй, эрх чөлөө басхүү энгийн боловч чанд, бүгдэд хүлээн зөвшөөрөгдсөн дүрэм журам юм. Тиймээс л хүмүүс энэ спортод дурлаж, үүний төлөө догдолж баярлаж харуусан шаналдаг байх. Тиймээс л манай гарагийн хаана ч гэсэн үндэс угсаа, шашин шүтлэг, нас хүйс, баян ядуу ялгалгүйгээр энэ тоглоомоор тоглодог байх... Гэснээс Эмнэсти интернэрнэшнл нэг гоё реклам хийж. Хөлбөмбөгийн алаг бөмбөг тавиад л болоо, доор нь In this wondeful game, whites and blacks are always together. Stop racism! гэчихэж байгаам даа.

Гадаа 1-р сургуулийн хүүхдүүд хөлбөмбөг тоглож байна, сайн ч тоглох юм. Эдгээр хүүхдүүд PC game тоглолгүй бөмбөг өшиглөж гүйх нь хувцсанд халгаатай байж болох ч зөв хүн болон төлөвшихөд маш чухал нөлөөтэй байх болно. Амараа багшийн энэ тухай "Хөлбөмбөг бол амьдралын сургууль" гээд үнэн гоё нэг нийтлэл байдаг даа. Хөлбөмбөг бол баг юм, бид багаар тоглож сурах хэрэгтэй байна., хөлбөмбөг бол дүрэм юм, түүний гоо сайхан нь дүрмэндээ байдаг, бидний дүрэм ямар байхыг УИХ мэддэг., гэж ирээд л. Нилээн дээхнэ үеийн нийтлэл болохоор дахиад уншихад гэмгүй л байх, уншиж байгаагүй бол заавал уншаарай гэж хэлмээр байна. Мөн олдохгүй бол надад хандаарай.

Monday, April 23, 2007

Old music or Old man?

Сүүлийн үед сав л хийвэл Никитоныг сонсдог боллоо. Уул нь ч хар багийн л хамаг дууг нь дагаж дуулдаг байсан л даа, гэхдээ сүүлийн үед яагаад ч юм ердөө л тэдний дээхэн үеийн дуунуудаас өөр юм сонсохоо больж. Нууцхан сэтгэл, Чамд би, Цамцаа тайл, Ялгуун, Янаг цэцэг, Бүсгүй гээд л... бүр Бачка Өөжгий нарын хэдэн хүнтэй халтуур хийдэг бааранд ч очиж сонссон.
Гэтэл гадуур арай өөр л юмнууд хит болоод байх шиг байхын. Болд, ВХ, Киви миви портофел ч гэнэ үү. Радиогоор эднүүс л явах юм, тэгэнгүүт нь шуудхан утсаа гаргаж ирээд Никитон тавьж орхиод байгаа маань нас яваад хойшоо л харж бодож сэтгээд байгаагийн илэрхийлэл юм биш биз дээ.
Би зөвхөн Никитон ч биш Хурдын фэн гэхэд болно доо, гэхдээ хүмүүсийн сонсох дуртай дуунууд биш хээн гоё рок дуу болон анплаггедуудыг нь сонсох дуртай. Одоо ч дөнгөсхийвэл машины хөгжимд түлхдэг. Энэ мэтээр орчин үеийн, залуучуудын сонсож байгаа шинэ, илүү стилтэй хөгжмийг сонсохгүй аль эрт байгаад өнгөрсөн носталгинуудыг байнга сонсоод байх нь өнөө цагийг үгүйсгэгч өнгөрснөөр амьдардаг баагийнуудын шинж байж болзошгүй тухай хаа нэгтээ уншиж байсан болохоор өөрийгөө тэдний эгнээнд орж байгаа юм болов уу гэж их юм бодоод байгаа маань энэ.
Зарим хүн нэг иймэрхүү тайлбар хийдэг л дээ: Монголд поп рок хөгжим зогсчихоод байна ш дээ, нэг хэсэг хэдэн өмдий чирсэн баагийд дарагдсан, одоо найрны дуунд замхарч байгаа гэж. Үнэхээр ч сүүлийн үед гарч ирж байгаа хамтлаг дуучид, тэдний хийж байгаа юм нь тэгж сайн болохгүй байж болох юм.
Гэтэл гадаадад бас л адилхан юм байх даа. Өнөөх чинь гадаадын орчин үеийн хамтлаг дуучид эднүүсийг бол ер мэдэхгүй ш дээ, хамгийн сүүлд Linking park гэдэг гайгүй хамтлаг гарсаан л гэсэн ойлголттой бусдыг нь огт сонирхохгүй аль эртний Guns'n roses, Metallica сонссон л хүн. Тэгэхээр хуучны хөгжим сайн гэдэгээс гадна хүн нь хуучин байх магадлал бас байгаад байх шиг байгаан.
Хөгжим тухайн үеэ хүмүүжүүлдэг гэж үг бий. Тийм бол огт харьцуулж болохгүй хоёр өөр хөгжмийг нь харахад өнөө үеийн хүүхдүүд манай үе хоёрын аль нь гайгүй хүмүүжсэн, аль нь хэцүүхэн болж таараад байна вэ? Та нар ер нь энэ талаар юу гэж бодож байна вэ?

Monday, April 16, 2007

Бүгдэд таалагдах нь амжилт уу?

Менежер хүн ямар байх ёстой, хүмүүстэй хэрхэн харилцах ёстой, өөрийгөө хэрхэн удирдах ёстой вэ гэх мэтийн онолуудыг миний мэргэжлийнхэн бүгд заалгадаг, бие дааж ч нилээн идэвхитэй судалсан. Амьхандаа л менежер болъё, карер хийж "амжилтанд" хүрье гэсэн шүү бодолтой юм даг уу даа. Тийм болохоор огт таалагдахгүй байгаа хүнтэйгээ ч гэсэн инээмсэглээд л ярих, харваасын мангар хүнээс ямар нэг чаддаг юмыг нь олж хийлгэхийг хичээх, өөрөө бүх хүнд аятайхан сэтгэгдэл төрүүлэх гэж оролдох гэх мэтийн чадвар хүсвэл надад бий. Гэхдээ би тэгдэггүйг намайг таних, муухай аашлахыг нь харсан олон хүн гэрчлэнэ.
Яагаад мэдсээр байж зөвөөр нь хийхгүй зөнгөртөөд байна вэ..?
Жишээлбэл би карер хийеэ гэж бодоод л одооноос биеэ бэлдээд үг хэл, алхаа гишгээгээ хичээгээд эхэлж болно доо?! юухан байхав, надад заасан, гайгүй ч суралцсан. Гэтэл бодит байдал дээр болж өгвөл жиинс пүүз углана, үсээ засуулахаа нэг хэсэг мартана, костюм өмссөн ч зангиа ер зүүхгүй, пар пар инээж болох болохгүй юмыг чанга чанга ярина, зав гарвал пиво ууна, хажуудаа сууж байгаа охинруу чичрэнэ.
Товчхондоо би хүмүүст биш өөртөө таалагдаж байгаагаар л байх дуртай, энэ байдал нь тэр бүр хүмүүст тааламжтай байгаад байдаггүй байх нь. Учир нь олонхи хүн сая танилцсан бүсгүйтэйгээ рок хөгжим сонсоод толгойгоо сэгсчиж суугаа, чухал чухал юм ярьж байхад инээдэм наргиа болоод байгаа этгээдийг ажилдаа хариуцлагатай, боловсролтой хүн гэж боддоггүйд байгаа юм.
Тэгэхээр жишээлбэл миний бие энэ хэвээрээ өөрийнхөө хүслийг дагаад зөнгөртөөд яваад байх уу, ямар байх ёстой тэр шаардлагад нь орж хүмүүст таалагдаж, хүндлэгдэж, албан тушаал ахиж "амжилтанд" хүрэх ёстой юу?
Ер нь амжилт гэж юу юм бэ, бүх хүнд хүлээн зөвшөөрөгдөх нь амжилт яг мөн үү?

Thursday, April 5, 2007

Монгол цус

Сумочин Даваажаргал Япон бүсгүйтэй сүй тавьснаа зарласан нь Монголоор нэг хэл ам болж орхидог юм байна. Хайран монгол цус, аваргын ген! гэж ирээд л... чухам л монгол цус булингартаж монгол хүний удмын сан устах аюулд ороод байгаа юм байх.
Тэгвэл барууны судлаачдын сүүлийн үед барин тавин нотлоод байгаагаар 13-р зууны байлдан дагууллын үед монгол эрчүүдийн дэлхийгээр нэг тараасан "юм"-ны үр дүнд европ, дундад азид 200-аад ч гэлүү сая хүн монгол ген тээж явдаг юм гэнэлээ. Тэгэхээр үүний төлөө Чингис, Бат хаан, Зэв, Сүбээдэй баатар, тэдний дайчид зэрэг хүмүүсийг Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр яллах хэрэгтэй болж таарч байх шиг байна. Үнэндээ тэр үед болон түүний дараах үеүдэд Монголчууд мөхөж доройтоогүй, харин ч түүхэндээ хамгийн хүчирхэг байсныг түүх гэрчилнэ. Энэ хүчирхэг байдлын нууц нь тэд дэлхий ертөнтэй ямар нэг шашин, ураг төрөл, газар нутаг гэлтгүйгээр нээлттэй харилцсан, чөлөөт худалдаа, мэдээллийн чөлөөт систем гэх мэт даяарчлалын хандлагыг түргэн мэдэрч түүнийг манлайлж чадсаны үр дүн гэж үзэцгээх юм билээ.
Харин харь холын хүн байтугай хажуудаа байгаа эмэгтэйчүүдтэй "цусаа холилдуулахгүй" сүм хийдэд сууцгаачихсан дундад зууны үедээ монгол эрчүүд, монгол улс ямархуу байсныг бид бас л мэднэ. Тиймдээ ч дээр үеийн хүмүүс эр хүн хол газраас сайхан бүсгүйг олж авах нь бахархалтай хэрэг гэж үздэг, үлгэр домогт ч ингэж гардаг билээ. Ингэснээр үндэстэн үгүй болно гэдэг бол дэмий хийрхэл юм бишүү. Өнөө үед үндэстний өвөрмөц байдал, дархлааг цусны шинжилгээгээр биш оюун санаа, нийгэм соёлын ололттой байдал, эдийн засийн тусгаар байдал зэргээр үнэлж хэмждэг болоод байгаа юм гэнэ билээ. Ямар сайндаа л 200 жилийн өмнө болон одоо ч өөрийн гэсэн цусны бүлэг, генийн бүтэцгүй хэрнээ Америк хэмээх улс ямар хүчирхэг байдаг, энэ үндэстний үнэт зүйл ямар түгээмэл байдгийг бүгд л биширч байхав дээ.
Тэгэхээр монгол эрчүүд жалганыхаа эмэгтэйчүүдтэй цусаа ойртуулж сууснаас, дэлхий дахины улс үндэстэн бүрийн сор болсон хүмүүсээр цусаа сэлбэж байх нь зөв юм бишүү. Хятадын асуудал бол шал өөр кейс гэдгийг онцлон хэлье, энд удам судраар нь дамжуулж газар нутаг, оюун санааг нь эзэгнэх гэсэн том гүрний бодлог, түүнээс хамгаалах чадварын асуудал яригдах учиртай.
Мөн охид маань ч гэсэн эрчүүдтэй тэгш эрхтэй нь энэ гээд гадныхантай нэг их садарлаад бай гэсэн дүгнэлтэд хүрч байгаа хэрэг биш шүү. Энэ нь хүний эрхийг үгүйсгэсэн, жендерийн асуудал биш болохыг миний блогыг уншигч охидууд маань ойлгоно гэж найдаж байна.

Thursday, March 29, 2007

Зурхай үнэн зурдаг уу

Би бээр болбоос шашин гэдэг бол зөвхөн хүмүүсийн хоорондын хуулиар зохицуулагддаггүй харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг зохицуулж хүний дотоод сэтгэлийг ариун байлгах материаллаг бус, гэхдээ шинжлэх ухааны биш оюун санааны итгэл үнэмшил, үнэт зүйлсийн тогтолцоо гэж үздэг нэгэн. Тиймээс хүн алж, хулгай хийхгүй, бусдад хорон муу санахгүй, зөв сэтгэлтэй явбал гэгээрч гийгүүлэхгүй ч гэлээ сэтгэл өөдрөг явна гэж боддог, бурханд тэр л хэмжээнд итгэдэг. Бас хүн мичнээс үүссэн, хүн төрөлхтний мэдлэгийн сан оргүй хоосноос аажим аажмаар бий болсон гэх мэтийн марзан/дунд сургуульд байхад туйлын үнэн мэтээр сургаж байсан/ онолуудыг шүтдэггүй, гэлээ гээд бурхан хүнийг шавраар зуураад хийчихсэн, эсвэл ертөнцийн эзэн Адамын хавиргыг аваад... энэ тэрийг сонсохоороо бүр ч их инээд хүрдэг. Ер нь л амьхандаа шашинг оюун санааны үнэт зүйл талаас нь хүндлэн дагадаг ч шинжлэх ухааныг доромжилсон мухар сүсэгийг бол үгүйсгэх санаатай. Жишээлбэл өнөөдөр үсээ засуулж болохгүй, маргааш ажилдаа явах эсэхээ энэ зурхайг харж байж мэд, өчигдөр танилцсан хүүхэнтэйгээ суу гэх мэтийн айлдваруудыг огтхон ч тоодоггүй нэгэн.
Гэтэл яах аргагүй тэр хэлээд байсан чинь? гэж бодогдох тохиолдол байх юмаа. Тухайлбал намайг пүрэв гарагт бол ер нь хэцүү дээ, бараг л гэрээсээ гаралтгүй болтой зурхайг их сонсож байсан ч нэг ч удаа итгэж байгаагүй. Гэтэл өчигдөр... пүрэв гарагт... эрээн модтой дээрэмчдэд л гэхэд/зам дээр байдаг/ хоёр удаа гартуулж 14.000 төгрөгөөр торгууллаа, ихэд таалагдаж байгаа бүсгүйтэйгээ уулзах гэж бодсоор яваад амжсангүй, орой нь хэдэн найзуудтайгаа муушигдсан чинь анх удаагаа нэг ч гараагүй хожигдлоо, гараад иртэл машины дөрвөн дугуйны калпаакыг "эзэд нь" аваад явчихаж/тоосго өрчихөөгүй нь яамай даа/, огт төлөвлөөгүй байсан зардал гарч 190.000 төгрөг зүгээр байж байгаад аваачиж өглөө.., ашгүй нэг юм Пүрэв гараг дууслаа.
Одоо би зурхайд итгэх хэрэгтэй юу?
Угийн зөрүүд зан минь "яг ш дээ" гэж байвч Эйнштэйн хүртэл буддын шашин, түүний одон орон судлал, зурхайг ихэд үнэлж байсныг бодохоор шинжлэх ухааны үүднээс нотолж чадахгүй байгаа маш их мэдлэг нарийн тооцоо энд үнэхээр байгаад байна уу. Од гаригсын эрхшээл, нөхцлүүд нь хүний бие организмд нөлөөлдгийг бол эрдэмтэд баталчихаад байх шиг байгаан, гэхдээ аз хийморь гэх мэтийн хийсвэр нөхцлүүдийг бас бүрдүүлдэг гэж нэг ч физикч хэлээгүй болохыг өнөөдөр төрсөн өдөрөө хийж буй миний физикч найз нотлоод байгаа юм.
Бас сүнс, хойд нас гэх мэтийн саяхныг хүртэл "мухар сүсэг"-т багтаж байсан ойлголтуудыг буйртай эрдэмтэд барьж аваад нухаад байвч олигтой нотолгоо бас няцаалт ч гарахгүй байх шиг байгаан. За тэр яахав, одоо тэгээд би алинд нь итгэх вэ..? дөрөв дэхь өдөр муушиг тоглох юмуу үгүй юмуу?
Тэгэхээр энэ бүгдийг нэг тийш болгох даалгаврыг нөхөр физикч Хосоо чамд төрсөн өдрөөр чинь өглөө. Happy birthday Khosoo to you!

Monday, March 26, 2007

Алтан цэцгийн хараал

Нэг их завгүй хүн царайлаад яваад байхаар нь блог дээрээ үзсэн киноныхоо тухай ч болов хальт бичмээр санагдав. Би ер нь сайн кинонд дуртай хүн л дээ, найруулагч болох хүсэл маань ч үүнтэй холбоотой байх. :-)
Тэнгист Хятадын өнөө үеийн /5-р үе гэдэг юм билээ/ кино урлагийн нүүр царай болсон найруулагч Жан И Моугийн Алтан цэцгийн хараал киног авч ирж гаргасан нь Солонгос сүүдэр шийгээр занимаалддаг манай театрт том дэвшил болжээ. Эхэндээ энэ киног сүүлийн үед моод болоод байгаа эртний хятадын ордны амьдрал, үлгэрийн гэмээр үйл явдал, тулааны урлагаар хачирласан тааруухан драмуудын нэг юмуу гэж харж байсан ч гайхалтай нүүр хувиргалт хийсэн Чо Юн Фатыг арай гэж танимагцаа тогтож үзэхээр шийдлээ. Гэтэл дээрээс нь холливудыг байлдан дагуулаад байгаа үзэсгэлэнт хятад бүсгүй Гон Ли гараад ирэхээр нь тухтайхан сууж аваад үзсэн нь оножээ. Мэдээж энэ нь дээр хэлсэнчлэн домгийн шинжтэй, тулаанаар чимэглэсэн драм мөн болов ч үйл явдлын өрнөл, зураг авалт, график байгуулалт, жүжигчдийн тоглолт, найруулагчийн дүгнэлт зэрэг нь үнэхээр сайн кино юм шиг санагдлаа. Өнгөний ашиглалт нь гайхалтай.., Орхигдсон хотын талбай алтан шар цэцгээр дүүрэн, тулааны дараа ув улаан цус, тэгснээ дорхон нь цэвэрлэж шар цэцэг... гээд л. Ямар ч л байсан гайхалтай сэтгэгдэл төрүүлж айлгаж чаджээ.
Маргааш нь нэт ухаад энэ киноны тухай жаал жуул юм харвал америкт бокс оффисуудаар одоогийн байдлаар 16 саяыг хийчихээд байгаа юм шиг байна. Гарууд үзэгчийн болон критикал үнэлгээ их өгчээ. Дундажаар B+ гэдэг үнэлгээ өгч, том гарууд нь Not bad, but not perfect гэжээ, тэгсэн хэрнээ коммент нь бүгдээрээ л Аймаар! гэсэн байх юм.
Ер нь аймшигт тулаан, хорон явуулгыг эс тооцоход нөхөр нь эхнэрээ удаанаар хордуулж, хорыг нь хайртай хүүгээр нь өгүүлэх, эхнэр нь нөхрийнхөө өв залгамжлагчтай хайр сэтгэлийн холбоотой байх, өөр нэг бяцхан хүүхэд нь ахыгаа алж хаан суух хүслээ илэрхийлэх, аав нь хүүгээ зодсоор байж алж байгаа, эцэст нь ордон юу ч болоогүй юм шиг цэмцийн үй түмэн боол эв нэгдлийн тухай сүлд дуугаа дуулж байгаа зэрэг нь аймаар...
Энэ киноны найруулагч Жан И Мо гээд жинхэнэ хятад төрхтэй царай муутай нөхөр бол лаг юм байнаа. Жү Доу, Улаан дэнлүүний гэрэл гэх мэт кинонуудыг нь баруунд шүтэцгээх юм, Каннын шагнал авсан, Оскарт нэр дэвшсэн гээд л... бид бол Жет Лигийн тоглосон Hero киног нь мөн ч их үздэг дээ. Түүний үеийн гарууд сүүлдээ Чин, Тан улсуудынхаа түүхийг мөлжиж дуусч байгаа бололтой өвөр монголд очоод монгол амьдралаар кино хийчихсэн Венецед ч гэнэ үү, Берлинд ч гэнэ үү шагнал хамаад явж байх юм. Гэтэл манайхан моод болоод байгаа сэдвийн эзэд хэрнээ ганц кино гаргачихдаггүй, уул нь киноны түүхээрээ бол Монгол хятадаас тохой илүү байсансан. Сүүлийн үеийн жишээ л гэхэд Хадаковатай хамт ганц гайгүй кино хийлээ гэсэн чинь чадаагүй, Японууд манай түүхийг гутаалаа гээд л үглээд сууцгааж байдаг.
Үнэндээ түүхийг яг барих албагүй гол нь чөлөөтэй сэтгэх, хийц сайтай байх нь чухал баймаар. Алтан цэцгийн хараалыг ч гэсэн хятадад түүх гуйвуулсан гээд баагийнууд олон юм ярьж л байгаа юм гэсэн.
Эцэст нь энэхүү бяцхан review-г дуусгахаас өмнө Гон Ли гэдэг хятад жүжигчинд ихээхэн дуртай болсноо хэлмээр байна. Жан И Моугийн бараг бүх кинонд тоглосон, ази царай, европ биетэй энэ хүүхэн бол гоёоос гадна ихээхэн чадалтай жүжигчин юмаа. Жү Доу, Алтан цэцэг, Гэйшагийн дурсамж, Ханнибал гэсэн дөрвөн кинонд л гэхэд 4 янзын характерийг гаргасан, тэгсэн хэрнээ өөрийнх нь арга барил бүгдэд нь байгаад байдаг.
Манай халхын сайхан сайхан хүүхнүүд дотор нэг ийм дайны жүжигчин байгаа болов уу.

Thursday, January 4, 2007

Book or CD?

"Одоогийн хүүхдүүд ном уншихаа больж" гэж олон л хүн ярихыг сонсоо бизээ. Би ч бас тэгж боддог, яав? аймаар хөгшин хүн шиг байна гэж үү?
Орчин үеийн залуучууд гэхээрээ ном уншихаа болиод цахим хэлбэрт шилжүүлсэн мэдээллийн арга хэрэгслүүдийг л ашигладаг байх ёстойгоос үеэ өнгөрөөсөн цаасан ном эргүүлж хуруугаа норгож суух хэрэггүй гэж боддог хүмүүстэй санал нийлмээргүй санагдаад байна. Мэдээж компьютер, дижитал технологи, интернэтийн агуу их боломж, давуу талуудтай маргах нь утгагагүй, гэхдээ л Гүттенберг ахын технологийг яагаад мартах ёстой гэж?
Тунгалаг тамир романыг CD болгоод, яриад өгчихдөг болгочихож ямар залхуу юм хийдэг юм дээ гэж нэг найз маань ярьлаа. Өөрөө компьютерээр өвчилсөн программист мөртлөө шүү.
Номтой ингэж нөхөрлөсөн сүүлчийн үе нь магадгүй бид байх даа.
Харин нүдээ хөштөл шагайж, орон дотроо шөнөжин элдэв янзаар хөрвөөн байж эхэлсэн номоо дуусгахын сайхныг үзээгүй өнөө үеийн багчууд хэн болох вэ? "Одооны хүүхдүүд" ном уншихаа болиод зөвхөн хэрэгтэй гэж үзсэн прагматик мэдээллээ интернэтээс авчихдаг болсноороо биднээс юугаараа илүү байна вэ? Илүү ухаантай байна гэж би лав хэлж чадахгүй харин хүнлэг ёс, зан суртахуун нь эвдэрсэн, ёс сутахууны наад захын хэм хэмжээг мэдэхгүй, зэрэмдэг роботонцорууд болж магадгүй гэвэл харин зөвшөөрч болох юм.
Мундаг хүүхдүүд мэдээж их байгааааа... тэднийг муулж өөрийгөө тэнэг байдалд оруулаад юүхэв. Гэхдээ л.. "яах аргагүй 2 эмэгтэй байсан юм даа" гэдэг шиг яах аргагүй унших л хэрэгтэй байгаа юм даа. Тэгэхээр хүүхдүүдийг яаж ном уншдаг болгох вэ, ямар аргумаент, ямар мессеж гаргаж тавьбал тэднийг ном унших үйлдэлд хүргэх бол?
энэ талаар гоё санаа байвал шууд хэрэгжүүллээ.

Tuesday, December 26, 2006

Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээ

RioTinto, IVN-ийн удирлагууд саяхан Ерөнхий сайдтай уулзаж гэрээгээ хурдалъя, бид мөнгөө хурдхан босгож ажилдаа ормоор байна гэсэн юм байх, манай хүн өөдөөс нь тэгвэл манай ЗГ ахиухан хувь авна шүү тэгэхгүй бол би цаг бусаар огцорж ч мэднэ гэсэн юмдаг уу даа. Өнөөдүүл нь тэгээ тэг, тэртэй тэргүй та нар бидний биднийг дарамтлах л гэж хуулиа өөрчилсөн юм чинь, харин хэдэн хувийг авах чинь ямар хөрөнгө оруулалт хийхээс хамаарна гэдэгээ мэдэж байгаа биз дээ гэж. Тэгэнгүүт нь РМ хуулинд заасан дээд хэмжээгээр 34 авмаар байна гээд нөгөөдүүл нь болохгй юм байхгүй гол нь ямар нөхцлөөр вэ гэдэгээ тооцоод бушуухан гэрээгээ хийе гэжээ.
Энэ үлгэрийн сургамж нь: ямар болов ч тогтвортой байдлын гэрээг зөвхөн татварын орчны тогтвортой байдал гэдэгээс өргөн болгож ЗГ-ын оролцооны асуудлыг гаргаж тавьсан, хуулинд заасан боломжийн өндөр хувийг ЗГ эзэмшиж массын хүсээд байгаа дивидендийг нь авах юм шиг байна л даа/энэ төсөл нь ашиг олвол/. Нөгөө талаас хэлцлийн явцад анхаарах ёстой аягүй чухал юмнууд байгаад байнаа: 34 хувийг авахын тулд төсвийн мөнгөөр хөрөнгө оруулалт хийх үү, эсвэл татвар, роялти зэргээ урьдчилан суутгах замаар хувь эзэмших юм уу? мөн байгаль орчны үнэлгээ, орон нутгийн хөгжил, дэд бүтцийн асуудлыг яаж share болгох юм бол?
Гэх мэтээр ашигтай гэрээ хийж чадах эсэх нь манай зүгээс хэлэлцээрт оролцох хүмүүсийн мэдлэг, чадвартай л холбогдож таарах биз, мөн энэ үйл явц ихээхэн ил тод байвал зүгээр л байх.

Энэ мэтийн асуудлуудыг гаргаж ирсэн бяцхан сценари бичих захиалга авчаад нилээд хэд хоног бодлоо, явдаггүй ээ. Ямар хэлбэрийн юм хийж, пабликт ямар мессежүүдийг аятайхан шиг ойлгуулчихаа л бодоод байна. Санаа оноо хэлж туслах хүн байвал баярлана шүү.

Friday, December 22, 2006

Хадгаламжийн хvv юу, PR уу?

Public relation буюу “ПиАр” хэмээн монголчлогдсон арга технологи манай улсад хожуу бөгөөд буруу боловч хөгжиж л байна хөөрхий. Гэхдээ PR манай тохиолдолд голлон улс төрийн сурталчилгааны хүрээнд л ашиглагдаж байгаа бөгөөд сонин хэвлэлээр бие биенийхээ эсрэг мэдээлэл цацах, өөрсдийгөө магтан дуулах зэрэг хэлбэрээс төдийлөн холдоогүй байна.
Олон нийтийн санаа бодлыг удирдаж тэдний сэтгэл зүйд зөв имижтэйгээр байрших энэ технологийг бизнесийн хүрээнд банкууд тодорхой хэмжээгээр эхэлж байгаа бөгөөд “Голомт” банкны нэрэмжит оюутны тэтгэлэг, “Хас” банкны зохион байгуулсан цэвэрлэгээний аян зэрэг нь үүний тод жишээ юм.
Судалгаануудын үр дүнгээс үзэхэд санхүгийн зах зээлийн маркетингийн цаашдын хандлага нь өнөөдөр голлох үзүүлэлт болоод байгаа үнийн хүчин зүйл болох хадгаламжийн өндөр хүү, урамшуулал, сугалаа зэрэг хэрэгслээс татгалзан хэрэглэгдчийн сэтгэл зүйд байршиж итгэл төрүүлэхэд чиглэгдэх нь төлөвтэй байна.
Гэвч харамсалтай нь банк, санхүүгийн системд PR-ийн арга технологийг сугалаат аян төдийхнээр голлон төсөөлж хэрэгжүүлж буй нь цаашдаа санхүүгийн системд хямрал авчрах ч аюултай байж болох юм.
Хадгаламж зээлийн хоршоод яг энэ замаар явасан даа хөөрхий...
Иймээс банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо зэрэг санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг бүх түвшний байгууллагуудад зориулсан олон нийтийн харилцааны/PR/ зөвлөх үйлчилгээг бий болгох, өнөөдүүл нь хүлээж авах л хэрэгтэй байна.


Санхүүгийн PR-ын түүхээс бага зэрэг сонирхуулахад
Санхүүгийн PR-ийн үндэс суурь буюу эхлэл нь 1930-аад оны эхэн үетэй холбогдоно. 1929 оны үнэт цаасны зах зээлийн цочролын дараах сэргэлт, урьд нь хэзээ ч үзэж байгаагүй эдийн засгийн хамгийн гүнзгий уналтад доройтсон ард түмэнд зориулан АНУ-ын Конгрессоос хувьцаа, бондыг гаргах, арилжаалахад шинэ хатуу стандартыг тогтоосон 2 хуулийг баталжээ. Эдгээр хуулиудын үр дүнд корпарациуд шинээр байгуулагдсан Үнэт цаасны хороонд шинэчлэн бүртгүүлэх ёстой болсон юм. Ингэхдээ тэд мөн жилийн тайлан гарган сүүлийн үеийн мэдээллээр хангах хэрэгтэй болсноор санхүүгийн PR-ийн гол хэрэгслүүдийн нэг бий болжээ.
Дээрх 2 хуулийн нэг болох Үнэт цаасны актад хүн бүр-жижиг хувь эзэмшигч, брокер, гишүүн, мэргэжлийн хөрөнгө оруулагч гээд хэн ч бай хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргахдаа хэрэглэгдэж буй мэдээллийн асуудалд чухал анхаарлаа хандуулсан байлаа. Үүнийг дагаад компанийн олон нийтэд зориулсан мэдээллийг зохицуулах дүрэм яаралтай хэрэг болсон байна. Энэ дүрмийн хүрээнд мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтийн сэтгэл зүйд байршихийн төлөөх шинэлэг санаануудыг сэдэж эхэлсэн нь санхүүгийн PR-ын олон арга техникүүдийн эхлэл болсон гэж үздэг.

Монголд "хэдэн тооны" нvvдэлчин байдаг


Нийгэм соёл судалдаг, мэддэг хүн болох гэсэн юм биш шүү, зүгээр л нэг ийм бодол төрөөд...

Бид “Монгол бол нүүдэлчдийн орон-нүүдлийн соёл иргэншлийн сүүлчийн голомт” хэмээн ярьж жуулчдад сурталчилдаг. Гэвч энэ байдал түүх болоод удаж байна. Үүний оронд “Монголд цөөн тооны нүүдэлчид байдаг” гэвэл үнэн байж болох юм. Харьцангуй богино хугацаанд явагдсан өрсөлдөөнд суурин соёл иргэншил уламжлалт нүүдлийн соёл иргэншлийг шахан нийгмийн мөн чанарыг тодорхойлох хандлагатай болжээ.

Хорьдугаар зууны дунд үеэс эхлэн Монгол орныг зөвхөн нүүдлийн соёл иргэншил бүхий нүүдэлчдийн нийгэм хэмээн тодорхойлох аргагүй болж суурин соёл иргэншил бодитойгоор оршин тогтнох болсныг судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөх болсон. Хэдийгээр тариа тарьж хот суурин байгуулсан түүх үүнээс нэлээд эртнээс бичигдсэн хэдий ч хүрээ хот нь ч нүүдлийн шинж чанартай байснаас энэ үеийг хүртэл Монголд дан ганц нүүдлийн соёл иргэншил л оршин тогтнож байсан гэхэд болно.
Харин хорин нэгдүгээр зуун гарсан өнөө үед хэдийгээр цаг хугацааны хувьд хэдхэн жил өнгөрсөн ч уламжлалт нүүдлийн соёл иргэншлийн орон зай огцом багасч Монгол бол нүүдэлчдийн соёл иргэншилтэй орон гэж хэлэхэд эргэлзээтэй болоод байна.
Нүүдлийн соёл иргэншлийн ололт, өвүүдийг өнөөг хүртэл уламжлан дамжуулж ирсэн, бас хадгалан хамгаалж байгаа хэсэг бол зөвхөн малчид буюу хөдөөгийнхөн юм. Энэ үүргийнхээ дагуу тэдний идэх хоол, өмсөх хувцас, орон байр, амьдралын хэв маяг, нийгмийн төрх нь хотынхноос эрс ялгаатай байлаа.
Гэтэл сүүлийн жилүүдэд дэлхийн хөгжлийн даяаршил, улс орны дотоодын нийгэм эдийн засгийн төлөв байдлыг дагаад хотжилт хөдөөг тоон утгаараа төдийгүй иргэншил соёлд үзүүлэх нөлөөллөөрөө нэгэнт даваад байна.
Тавь хүрэхгүй жилийн өмнө монголчуудын арван хүний наймаас илүү нь хөдөөд нүүдлийн байдлаар амьдарч байсан бол өнөөдөр 60 гаруй хувь нь хот газар суурьшжээ.
Сүүлийн гуравхан жилд л гэхэд нийслэл Улаанбаатар хотын хүн амын тоо арав гаруй хувиар нэмэгдсэн нь нийт хүн амын өсөлтөөс тав дахин их байгаа юм. Энэ нь хөдөөгийнхөн уулын аман дахь өвөлжөө, хаваржаагаа орхин хотын гэр хорооллыг зорих болсонтой шууд холбоотой. Тэд байгалийн аашаас зуун хувь хараат нүүдлийн мал аж ахуйгаар амьдрах бололцоогүй болмогц аж үйлдвэрлэл, худалдаа хөгжсөн их хотыг бараадах болсон.
Хотод ирсэн хөдөөгийнхөн он удаан жил уламжлан хадгалж ирсэн нүүдэлчний хэв маягаасаа салж байна. Уртын дуу, морин хуур, аман зохиол... гээд нүүдлийн соёлын хосгүй ололтууд мартагдаж бидэнд ердөө л “би монгол хүн-Чингисийн удам” гэсэн бардамнал цаг барьдаггүй, зоргоороо, эв түнжин муутай төрөлх авираас минь өөр зүйл бараг үлдсэнгүй.
Нутгаа сахиж үлдсэн хэд нь хөгжлийн нийтлэг зүй тогтлоос ангид амьдарч буй гэхэд болно. Хотынхон хөдөөгийнхний хооронд ч нийгмийн давхраажлын том ялгаа гарсныг социологчид анхааруулж байна. Статистикийн тоо баримт ч үүнийг батлана. Өнөөдөр хотод амьдарч буй Батынх сард 161 мянган төгрөгийн орлоготой бол хөдөөд амьдарч буй илүү олон хүүхэдтэй Доржийнх 20-иод мянган төгрөгөөр бага орлого олдог. Үүний улмаас хүүхдүүдийнхээ боловсролд хотынхноос хоёр дахин бага мөнгө зориулж эрүүл мэнд, гоо сайхан, соёлын хэрэглээгээ хязгаарлаж байна.
Хамгийн ноцтой нь Доржид морь унаж малаа хариулдаг, дөрвөн улирал дамжин нүүдэг гэдгээс илүүтэй нүүдлийн иргэншлийн гэх соёл, хэв маяг бараг үлдсэнгүй. Амьдрал ахуйгаа залгуулахын тулд тэр зам бараадан ТҮЦ ажиллуулж аяны хүмүүст аяга цайгаа зардаг болсон. Хоймортоо морин хуур залж найр, наадмын үеэр гэрийнхээ жаврыг үргээн татаж уртын дуу дуулж ч чадахгүй. Үдэш орой хүүхдүүддээ үлгэр, туульс ярьж өгөхгүй, харин сансрын антенн аваад зурагттай болгочих юмсан л гэж бодно.
Товчхондоо Монгол улс Үндсэн хуулиндаа “хот” гэдэг засаг захиргааны нэгж байхгүй гэж тунхагласан ч хотжилт өнөөгийн амьдралын үндсэн хэв маяг болжээ. Нүүдлийн болон суурин соёл иргэншлийн харьцангуй богино хугацааны өрсөлдөөнд суурин соёл ялан гарч нүүдлийн иргэншил шахагдан алга болох аюулын ирмэг дээр ирээд байна.
Энэ нь бидний хувьд давуу тал мөн ч басхүү сул талыг авчрана. Улам бүр даяаршиж буй өнөөгийн ертөнцөд дэлхийн бусад орны хөгжлийн хүчин зүйлсийг тусгаж авах, дасан зохицоход энэ байдал сайнаар нөлөөлж буй ч үе улируулан олон мянган жилийн турш хадгалж ирсэн үнэт өв маань устан үгүй болох аюулыг дагуулж байна гэж судлаачид үзэж байна.
Нүүдлийн соёл иргэншлийн хосгүй үнэт өв уламжлал, монгол зан заншил, хэв маягийг авч үлдэх нь өнөөгийн бидний дэлхийн соёлт хүн төрөлхтөний өмнө хүлээсэн үүрэг гэж бас бодохийн.

Би яагаад vvнийг хийв ээ?

Зиаг, Сайн байцгаана уу?
Урьд өмнө нь би бусдын блогуудыг маш сайн уншигч мөртөө нэг сэтгэгдэл ч бичиж үзээгүй тагнуул шинжтэй он удаан явж иржээ. Гэтэл гэв гэнэтхэн өнөөдөр өөрийн гэсэн блогтой болмоор санагдаад...
Нэгэнт нээсэн юм чинь аятайхан, амьд хуудас байлгах санаа байна. Өөрийн ажил мэргэжил болоод сонирхон судалдаг салбаруудтайгаа холбоотойгоор либертари эдийн засаг, маркетинг ялангуяа судалгаа, консалтинг, мөн PR чиглэлээр санаа бодлоо бичиж байх, хүмүүсээс санаа сонсож байх сонирхолтой байгаа.
Нэгэнт л хувийн блог учир кино, илтгэх урлаг, уран зохиол зэрэг сонирхолоо бас хуваалцана. За тэгээд улиг болсон заваан зүйл ч гэлээ улс төрийн талаар илүү сонирхолтой хэлбэрийн яриа хааяахан болж болох юм.
Гэх мэтээр залхуурахгүй бичээд байвал ихээхэн сэдэв байнаа. Гол нь та бүгдийн оролцоонд найдаж байна, хүндэлсэн хүмүүстээ л энэ хаягийг өгөх болохоор өөрийнхөө нэрээр, үнэн сэтгэлээсээ санаа бодлоо хуваалцана гэж найдаж байна.
За ингээд бодлоо хийлцгээх үү дээ. /Бодолхийлэх нь блог бичих нэг үндэс бөгөөд үүнийг манай нөхдийн хэлэнд ингэж дуудмой/